АНУ-ын хэд хэдэн томоохон агаарын тээврийн компаниуд COVID-19-ийн тархалтаас болж боловсон хүчний хомсдолд орсон учраас 1000 орчим нислэгээ цуцаллаа хэмээн онгоцны нислэгийг хянадаг FlightAware вэбсайтаас иш татан Associated Press агентлаг мэдээлэв.
Коронавирусын “Омикрон” омгийн тархалт агаарын тээвэрлэгчдийг боловсон хүчний хомсдолд оруулсан бөгөөд нислэгүүд цуцлагдахад хүрч, агаарын тээврийн компаниуд хэвийн үйл ажиллагаагаа хэзээ сэргээх нь тодорхойгүй байна гэж United Airlines-ийн хэвлэлийн төлөөлөгч Мадди Кинг хэлжээ.
Католик Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр буюу баасан гаригт 690 нислэг цуцлагдсан бол ням гаригт 250 гаруй нислэгээ цуцалдаад байна.
АП агентлагийн мэдээлснээр, хэд хэдэн нисэх онгоцны буудалд агаарын тээврийн компаниудын бүртгэл, тасалбарын кассууд дээр урт дараалал, эмх замбараагүй байдал үүссэн аж. Сүүлийн өдрүүдэд АНУ-д коронавирусын “Омикрон” омгийн халдварын тохиолдлын тоо огцом нэмэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ үүнийг тус улсад давамгайлсан дарамт гэж нэрлээд “Омикрон” маш хурдан хугацаанд тус улсад ноёрхож байгааг дуулгажээ.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн эхэнд “Омикрон”-ы тохиолдол COVID-19 халдварын нийт тохиолдлын 73.2 хувийг эзэлж байна. Тус улсын зүүн эргийн зарим нутагт энэ үзүүлэлт 90 хувьд хүрсэн бол долоо хоногийн өмнө энэ нь АНУ-д бүхэлдээ 12.6% байсан аж.
Америкийн Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, тахал эхэлснээс хойш АНУ-д ням гаригийн өглөөний байдлаар COVID-19-ийн халдвар авсан 52 сая гаруй хүн бүртгэгдэж, вирусын улмаас нас барсан хүний тоо 816 мянгаас давжээ.