Ипотекийн зээлийн хүүг 6% болгон бууруулснаас хойш нийт 2 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирснээс энэ онд 970 тэрбум төгрөг буюу 50 орчим хувийг нь биелүүлж, 13,000 орчим иргэний зээлийг олгожээ. Энэ нь ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
Цар тахлын эсрэг хуулийн хүрээнд уг зээлийн төлөх хугацааг нийт 20 сараар сунгаад байгаа бол дахин зургаан сараар сунгах саналыг Засгийн газраас гаргаад буй. Энэ хүрээнд 50,000 орчим зээлдэгч хүсэлт гарган ипотекийн төлөлтөө хойшлуулснаар 620 орчим тэрбум төгрөг эргэн төлөгдөхөөс хойшлоод байгааг Монголбанк танилцуулсан.
Гэвч хүсэлт гаргаж, төлөлтөө хойшлуулсан зээлдэгчдийн 30% нь зээлээ төлж эхэлснийг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин дурдаад “Зээлийн төлөлтийг хагас жилээр дахин хойшлуулсан ч зээлээ төлөх сонголт нь иргэдэд хадгалагдаж байгаа” гэдгийг онцоллоо.