Ковид19 болон сүрьеэгийн хавсарсан халдварт өвчний талаар ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч Б.Болор-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэдэг амьсгалын замын халдварт өвчин юм. Нян ихэвчлэн уушгийг гэмтээдэг. Харин ковид19 нь бохир гар, амьсгалын замаар халдварлаж мөн адил уушгийг гэмтээдэг халдварт өвчин юм. Монгол Улс сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд 4000 орчим хүн сүрьеэгээр өвчлөөд байна. ХӨСҮТ-ийн ковид19 болон сүрьеэтэй өвчтөнүүдийг эмчлэх тусгай тасагт одоогоор 11 хүн эмчлэгдэж байна. Өвчтөнүүдийн хувьд ковид19 болон сүрьеэгийн хавсарсан халдвараар өвчилсний улмаас амархан хүндэрч, амьсгалын дутагдалд орж нас барах эрсдэл үүсэж буй. Тиймээс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эрт илрүүлэх, оношлох, өвдсөн үед эмчилгээг эрт эхлүүлэх нь хамгийн чухал юм.
Сүрьеэ өвчний шинж тэмдэг:
- Өндөр халуурах
- Цустай цэр гарах
- Цээжээр өвдөх
- Хүйт даах
- Биеийн жин шалтгаангүй буурах
- Шөнө хөлрөх
- Удаан хугацаагаар ханиалгах
- Хоолны дуршил буурах
- Ядарч сульдах
Коронавирус халдварын шинж тэмдэг:
- Хоолой өвдөх
- Хуурай ханиалгах
- Ядрах
- Халуурах
- Толгой өвдөх
- Булчин сулрах
- Амт үнэр алдах
Ихэнх хүмүүс сүрьеэгийн нян тээдэг ч хүний биеийн дархлааны хүчээр нянгуудын өсөлт, үржлийг зогсоож чаддаг. Сүрьеэгийн нян бие махбодод идэвхгүй байдалд удаан хугацаанд байх хэдий ч хэзээ нэгэн цагт идэвхтэй болох боломжтой. Үүнийг сүрьеэгийн далд халдвар гэж нэрлэдэг. Сүрьеэгийн халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгээгүй тохиолдолд сүрьеэгээр хэн ч өвчилж болзошгүй.
Сүрьеэгийн далд халдвартай хүнд:
- Ямар нэг шинж тэмдэг илрэхгүй
- Ямар нэг зовуурь үзүүлэхгүй
- Сүрьеэгийн нянг бусдад тараахгүй
- Ихэвчлэн туберкулины арьсны сорил эерэг байдаг
Эрүүл хүн сүрьеэгийн халдвар авахаас сэргийлж дархлаагаа сулруулахгүй байх, тэжээллэг хоол хүнс хэрэглэх, архи тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах хэрэгтэй.
Харин сүрьеэгийн халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдолд эмчилгээгээ бүрэн төгс хийлгэх, эмчийн хяналтад тогтмол байх, гэр бүлийн гишүүдээ сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хэрэгтэй. Сүрьеэ өвчний шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт эрт хандаж, оношилгоо эмчилгээнд хамрагдаж, эмчийн зааврын дагуу эмээ тогтмол ууснаар бүрэн эдгэрэх боломжтой юм.
1 comment
Ямар тахал гэж байхгүй ш дээ…тахал нэртэй дайн өрнөөд байна!
Ханиадаа тахал хэмээн хүндрүүлээд,дархлаагаа дэмжихийн оронд тэс өөр вакцин гэж юугаа ч тариулаад байгаа мэдэхгүй,ханиадаа хатгалгаа болгочихоод бүүр худлааг сонсож ЦАР ТАХАЛ,ВИРУС,ВАКЦИН гэж тархиа угаалгаж ЧИМЭЭГҮЙ ДАЙН-д өртсөөр буйгаа ойлгоосой доо…
ЯАНА ДАА,ЧИМЭЭГҮЙ ҮХЭЛ зогсоосой…!?!