“Шинэ байшинд” жүжиг 1966 оны нэгдүгээр сард Улсын драмын театрын тайзнаа БНМАУ-ын ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч, орчуулагч Э.Оюуны найруулгаар анх тоглогдож байсан түүхтэй. Тэгвэл Улсын драмын эрдмийн театрын хамт олон 2022 онд Д.Намдагийн “Шинэ байшинд” жүжгийг театрын тайзнаа хоёр дахь удаагаа үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.
Жүжиг, үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагч, найруулагч Д.Намдаг нь 1930-аад онд Монголын үндэсний театрыг шинээр үүсгэн зохион байгуулах ажилд идэвхтэй оролцож, Н.Гоголийн “Байцаагч түшмэл”, Лопе де Вегийн “Хонины булаг” зэрэг гадаадын болон “Учиртай гурван толгой” хөгжимт жүжгийг найруулан тавьжээ. Түүний хувьд Монголын орчин үеийн жүжгийн том зохиолчдын нэг. 1962-1984 онуудад Соёлын яаманд мэргэжлийн зохиолчоор дагнан ажиллаж, жүжгүүд нь Монголын театруудын тайзнаа олон жилийн турш тоглогдож үзэгчдээс өндөр үнэлэлт талархал хүлээн авсаар ирсэн юм.
Түүний бичиж нэрд гарсан жүжгүүдийн дотор Гэсэр хааны тухай үлгэр домгоос сэдэвлэн зохиосон “Шарай голын гурван хаан” хөгжимт драмын жүжиг зохиогчийн нэр алдрыг өргөсөн. Тэр 1962 оноос орчин үеийн сэдэвтэй “Шинэ байшинд”, “Наянчулууны ой”, “Эрдэмтний яриа”, “Хангайн нуруунд, ‘Үр тариа”, “Сандралт арав хоног” түүхийн сэдэвт “Ээдрээ”, “Оролмаа” зэрэг жүжгийн зохиол, “Нүгэл буян” киноны зохиол, “Үр тариа” тууж туурвижээ. Д.Намдаг нь бичихийн хажуугаар гэрийн шавь сургууль байгуулж жүжгийн зохиолч, шавь нар төрүүлжээ.