Пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулах, ашиглах үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагаас жилийн турш тасралтгүй хяналт тавьж байдаг гэдгийг ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Гансүх хэлэв.
Түүнээс салютын худалдаа, аюулгүй байдалд хэрхэн хяналт тавьж байгааг тодрууллаа.
– Шинэ жилийн баярыг угтан салютын эрэлт, хэрэглээ нэмэгддэг. Энэ үеэр хяналтыг нэмэгдүүлдэг үү?
– Пиротехникийн хэрэгсэл буюу салютын хэрэглээ шинэ жилийн баярын үеэр нэмэгддэг учраас болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хууль бусаар худалдан борлуулах үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр ажил эрчимждэг. Салютыг иргэдийн гар дээрээс хууль бусаар худалдан борлуулах, ялангуяа цахим орчинд худалдаалахтай тэмцэх чиглэлд илүү анхаарал хандуулж байгаа.
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд зааснаар пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, ашиглах, худалдан борлуулах асуудлыг зохицуулдаг. Мөн Пиротехникийн хэрэгслийг ашиглах, хэрэглэх тухай Засгийн газраас баталсан журам бий. Тус журамд салютыг зөвхөн мэргэжлийн операторчноор буудлага хийлгэнэ хэмээн заасан.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хоёр аж ахуйн нэгж пиротехникийн хэрэгслийг импортлох, худалдан борлуулах, энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх албан ёсны тусгай зөвшөөрөлтэй байна. Иргэн, ААН энэ хоёр компанид хандах бөгөөд үйлчилгээ үзүүлэх хоёр компани цагдаагийн болон онцгой байдлын байгууллагад хүсэлт гаргаж, салют буудуулах зөвшөөрөл авдаг. Ингэхдээ үйл ажиллагаа зохион байгуулахаас хамгийн багадаа 72 цагийн өмнө хандах шаардлагатай. Учир нь салют буудуулах газрын орчимд эрсдэл үүсгэж болох зүйлс бий юу, өндрийн болон тойргийн аюулгүй байдал хангагдаж байна уу гэдгийг онцгой байдлын байгууллагаас үнэлж, дүгнэлт гаргана. Мөн цагдаагийн байгууллага тухайн орчимд гаргах хамгаалалт зохион байгуулах төлөвлөгөө гаргадаг. Тиймээс хамгийн багадаа гурав хоногийн өмнө хүсэлтээ гаргах хэрэгтэй.
– Зах, худалдааны төвүүдээр салютын задгай худалдаанууд гарсан байдаг. Үүнд ямар хяналт тавьдаг вэ?
– Пиротехникийн хэрэгсэл үзвэрийн болон хэрэглээний гэсэн хоёр зориулалттай байдаг. Үзвэрийн салютыг заавал мэргэжлийн хүн очиж буудуулах ёстой. Харин хэрэглээний салютыг аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмжтэй танилцаад худалдан авч иргэд өөрсдөө буудуулж болно. Сүүлийн жилүүдэд хэрэглээний салютыг төдийлөн ашиглахгүй байна.
Хил хаалттай, мөн энэ чиглэлийн хяналт шалгалт сайжирсантай холбоотойгоор салютын ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа эрс багассан. Сүүлийн гурван жилд энэ төрлийн зөрчил ерөнхийдөө бүртгэгдээгүй. Тодруулбал, 2018 онд 17 зөрчил бүртгэгдсэн бол 2019 онд цахим хуудсаар худалдан борлуулж байсан хоёр зөрчил гарсан. 2020, 2021 оны байдлаар зөрчил бүртгэгдээгүй байна.
Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр худалдан борлуулж байгаа пиротехникийн хэрэгслийг мэргэжлийн хяналтын байгууллагаас туршин шалгаад, ашиглах боломжтой эсэх талаар акт үйлдсэн байдаг. Тиймээс хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус, хэрэглэх зааваргүй, баталгаагүй пиротехникийн хэрэгслийг гар дээрээс худалдаж авахаас татгалзахыг уриалж байна.
“Он солигдох мөчид салют буудуулах захиалгыг дөрвөн дүүргээс аваад байна”
Пиротехникийн хэрэгсэл буюу салют импортлох, худалдан борлуулах, үйлчилгээ үзүүлэх эрхтэй “Очир ундраа”, “Протек” компанитай холбогдож, салютын худалдааны талаар тодруулахад,
“Очир ундраа” компанийн төлөөлөл “Энэ жил манай компани анх удаа ОХУ-аас салют импортолсон. Цөөн тоогоор импортолсон учраас ерөнхийдөө дуусаж байгаа. Он солигдох мөчид салют буудуулах үйлчилгээ үзүүлэх захиалгыг одоогоор дөрвөн дүүргээс аваад, холбогдох байгууллагад хандаж зөвшөөрлөө аваад байна” хэмээв.
“Протек” компанийн төлөөлөл “Хил хаалттай байгаатай холбоотойгоор цөөн салюттай байгаа. Өндрийн буюу заавал мэргэжлийн хүн буудуулах салют дээр үйлчилгээ үзүүлэх захиалгаа авч байгаа” хэмээн хариуллаа.
Эх сурвалж: