Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү Омикрон хувилбартай холбоотой мэдээлэл өглөө.
Т.Баярхүү: “Манай улсад арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сард томуугийн А хүрээний вирусийн идэвхтэй дэгдэлт явагддаг үе. Мөн нэгдүгээр сард томуугийн Б хүрээний вирус ч идэвхжихийн дээр коронавирусийн Омикроны дэгдэлт гарвал эмнэлгийн ачаалал хүрэлцэхгүй хүндрэлтэй нөхцөл үүснэ.
Тиймээс бид Омикрон хувилбарыг дотоодод тархаахгүйгээр хяналтаа сайн тавих хэрэгтэй. Ингэвэл дотооддоо бид ямар нэг хязгаарлалт тавихгүйгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг аль болох чөлөөтэй явуулах боломж бүрдэнэ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 103 оронд Омикрон хувилбар бүртгэгдсэн гэдэг нь манай улсад тархах нь цаг хугацааны л асуудал болохыг бид өмнөх туршлагаасаа харж байгаа. Тиймээс дотоодод халдвар тархсан ч эрсдэлийг аль болох бага хохиролтойгоор даван туулж, учирч болох эрсдэлийг бууруулахын тул гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.
“Бид өмнө нь альфа, дельта хувилбарын тархалтын үед болон вакцинжуулалт эхлэхээс өмнө халдварын тархалтын түвшинг тогтоож тухайн түвшинд тохируулж, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг журмаар зохицуулж ирсэн. Өөрөөр хэлбэл, Гамшгаас хамгаалах ногоон, шар, улбар шар, улаан зэргүүдэд шилжүүлж байв.
Вакцины гурав дахь тунд хамруулах үйл ажиллагаатай холбоотойгоор бид журамд өөрчлөлт оруулж, хатуу зохицуулалтуудыг зөөллөж, аль болох аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангахыг зорьж байсан.
Гэхдээ дэлхий дахинд Омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш халдварын маш хүчтэй давлагаа гарсан. Иймд Европын улс орнуудад олон нийтийн арга хэмжээг цуцалж, хөл хорионы дэглэм тогтоох зэрэг арга хэмжээг эргээд авч хэрэгжүүлэх болсон.
Вакцинжуулалт өндөр байгаа орнуудад ч ийм байдал үүсэж байгаа тул бид эргээд нөхцөл байдлаа маш сайн үнэлэх шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл, манайд халдварын өндөр давлагаа явсан тохиолдолд эмнэлгийн ачааллыг зохих түвшинд барихын тулд тодорхой хязгаарлалт хариу арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй.
Засгийн газар, УОК-оос аль болох хөл хорио тогтоохгүй байх бодлого барьж байгаа. Тиймээс иргэд вакцины гурав дахь тундаа аль болох хамрагдаж, халдварын улмаас учирч болох хүндрэл нас баралтаас хамгаалагдах боломжтойг хэлье.