Казахстаны нийслэл Нур-Султан хотноо Сирийн асуудлаарх 17 дахь удаагийн хэлэлцээ энэ сарын 21-22-нд болж өнгөрлөө. Уулзалтад Оросын талын төлөөлөгчдийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сирийн асуудал эрхэлсэн тусгай элч Александр Лаврентьев, Туркийн төлөөлөгчдийг ГХЯ-ны Хоёр талын улс төрийн харилцааны Ерөнхий захирал Селчук Унал, Ираны талыг Гадаад хэргийн сайдын ахлах зөвлөх Али Асгар Хажи. Арабын Бүгд Найрамдах Сирийн төлөөлөгчдийг Сирийн Гадаад хэргийн дэд сайд Айман Сюсан тэргүүлж байна.
Хурал ОХУ болон Сирийн Засгийн газрын төлөөлөгчдийн уулзалтаар эхэлжээ. Хуралд оролцогчид Сирийн өнөөгийн байдал, хурцадмал байдлыг намжаах бүсэд тайван байдлыг хадгалах зорилтуудыг хэлэлцэж, Сирийн Үндсэн хуулийн хорооны Женевт хийх ажлын хэтийн төлөвийг хэлэлцжээ.
Сирийн асуудлаарх дараагийн шатны хэлэлцээрийг Иран, Орос, Туркийн төлөөлөгчид ирэх оны эхэнд Тегеранд болох “Астана формат”-ын орнуудын удирдагчдын уулзалтын үеэр хийхээр тохиролцсон тухай Ираны Гадаад хэргийн яам мэдээллээ.
Мягмар гаригт Ираны ГХЯ-ны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд “Христийн шашны хуанлийн дагуу ирэх оны эхээр Төрийн тэргүүнүүдийн оролцоотой Тегеранд болох “Астана формат” дээд хэмжээний уулзалт хийхээр шийдсэн тухай өгүүлжээ. Энэ дээд хэмжээний уулзалтын өмнө Гадаад хэргийн сайд нарын түвшний уулзалт мөн болох юм байна.