Бэлтгэсэн: Б.МИЧИДМАА
Токиогийн олимп ба Монголын баг тамирчдын амжилт
“Токио 2020” XXXII зуны олимпийн наадам дэлхийг нөмөрсөн цар тахлын хүнд нөхцөлд зохион байгуулагдсан ч хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг гэдгээ ахин нэг нотоллоо.
Энэ удаагийн зуны олимпийн наадамд Монгол Улсын 43 тамирчин 10 төрөлд оролцов. Энэ удаа монголчууд олимпид анх удаа ширээний теннис болон сагсан бөмбөгийн 3×3 төрлөөр оролцсон нь спортын их наадмын түүхэнд бичигдэх үйл явдал боллоо.
Токиогийн зуны олимпод монгол тамирчид нийт 1 мөнгө 3 хүрэл медаль хүртсэнээс жүдо бөхийн төрөлд гурван медаль хүртсэн. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалсан гайхалтай амжилт үзүүлсэн бол Олон улсын холбооны мастер Цогтбаатар эрэгтэйчүүдийн 73 кг жинд барилдаж Токиогийн дэвжээнээс Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирсан юм.
Мөн Легионер тамирчин Саид Моллаи эрэгтэйчүүдийн жүдогийн 81 кг төрөлд мөнгөн медаль хүртсэнээр Монгол түмний хүндэтгэлийг төрүүлсэн бол чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг төрөлд ОУХМ Б.Болортуяа хүрэл медаль хүртэж Токиогийн олмпийн дөрөв дэх медалийг эх орондоо авчирлаа.
Энэ удаагийн зуны олимп манай улсын хувьд мартагдашгүй ололт амжилттай олимп болж тэмдэглэгдэн үлдэв.
Дубайн гэрээг цуцлаад Оюутолгойн 34 хувийн өрийг тэглэсэн
Азийн зэс болон алтны хамгийн том ордын нэг болох Оюу толгойн орд нээгдсэн цагаасаа эхлэн монголчуудад томоохон найдвар төрүүлж байсан бол улс төр, нийгмийн дунд эцэс төгсгөлгүй маргаан дагуулсаар ирсэн.
Рио тинто болон Туркойз хилл Ресурс компаниуд хэдхэн хоногийн өмнө Монголын Засгийн газарт буулт хийж, Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшилд ногдох 34 хувь буюу 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж байгаагаа захидлаар дамжуулан хэллээ.
Үүгээрээ тэд ордын Монгол Улсын Засгийн газарт ногддог 34 хувь буюу 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэхгүй гэдгээ зарлаж байна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Оюутолгой компанийн 34 хувийн эзэмшлийн үнэ цэнийг нэмж, ногдол ашиг авах хугацаа наашлах сайн талтай. Үндсэндээ 34 хувийн ашгийг Монголын ард түмэн үнэгүй авч байна” хэмээн мэдэгдээд байгаа.
Өнөөдөр Оюутолгойгоос нэг жилд олборлох алтны хэмжээ Монголын бүх алтны үйлдвэрийн жилд олборлож байгаатай хэмжээтэй тэнцэж, ордын баяжмалд агуулагдаж байгаа зэсийн хэмжээ “Эрдэнэт” үйлдвэрээс хэд дахин их гэдгийг мэдэхгүй иргэн ч үлдсэнгүй. Үнэн хэрэгтээ өаялаг ихтэй, дэлхийн томоохон ордоосоо нэмүү ашиг хүртэх нь монголчуудын гол зорилго, үндэсний эрх ашиг юм.
Дулаан, цахилгааны төлбөр тэглэгдэж, гэр хорооллын айл өрхийн нүүрсний үнэ 50 хувь хямдарлаа
Covid-19 цар тахлаас шалтгаалан үндэсний хэмжээнд тавьсан хатуу хөл хорионы үеэр айл өрхүүд төдийгүй олон аж ахуйн нэгж санхүүгийн хүндрэлтэй бодитоор нүүр тулж, урсгал зардлаа төлж чадахгүйд хүрч байв.
Цар тахлын хүнд үеийг даван туулахын тулд Засгийн газар иргэд, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэн хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг хариуцахаар шийдвэрлэсэн.
Бүтэн жил үзүүлсэн хөнгөлөлтөнд нийт 123 мянга 800 аж ахуйн нэгж, 900 мянга гаруй айл өрх хамрагдсан бөгөөд төлбөрүүдийн санхүүгийн эх үүсвэрийг “Эрдэнэт үйлдвэр” гаргаж байна.
Иргэд, аж ахуйн нэгжийн бүтэн жилийн цахилгаан, дулааны зардал нийтдээ 1.2 их наяд орчим төгрөгт багтаж байгааг албаны эх сурвалжууд мэдээлж байгаа. Энэ хөнгөлөлт нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дуусна.
Коронавирусын эсрэг вакцинжуулалт
Монгол Улсад коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш арванхоёрдугаар сарын 21-н гэхэд 687 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна.
Монгол Улсын Засгийн газар голомтыг хумих, тархалтыг зогсоох чиглэлээр олон арга хэмжээ хэрэгжүүлсэн бөгөөд түүний нэг нь бүх нийтийн дархлаажуулалтын аян юм.
Угаас аливаа вирусын вакцин нь вирусын халдвар, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх гол арга байдаг. Коронавирусын вакцины анхны тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэснээр орон даяар дархлаажуулалтын ажил өрнөж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар нийт хүн амын 96 хувь нь нэгдүгээр тун, 91 хувь нь хоёрдугаар тун, 45 хувь нь бүүстер вакцин буюу сэргээх тунд хамрагдаад байна.
У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээр тэрбум мод тарих амлалт авсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлсэн бөгөөд тус чуулганы үеэр дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлэхээ амласан билээ.
Дээрх санаачилгыг дэлхийн улс орон, олон улсын байгууллагууд дэмжиж, хамтран ажиллахаа мөн илэрхийлээд байгаа юм. Одоогийн байдлаар улсын хэмжээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд 320 орчим байгууллага, аж ахуйн нэгж нэгдээд байна.