Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр /2021.12.21/ мэдээлэл хийлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тус салбарт хийгдэж буй цахим үйлчилгээ, цахим гарын үсэгтэй холбоотой шинэчлэл, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийгмийн даатгалын сар бүрийн тайланг заавал манай хэлтэс дээр биеэр ирж, цаасаар өгч, нийгмийн даатгалын дэвтэр дээр нь тамга дарж, баталгаажуулдаг байсан бол үүнийг халж, нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан байгаа.
Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулаад тухайн байгууллагын нягтлан тайлангаа цахимаар явуулахдаа байгууллагын цахим гарын үсгээр түүнийгээ баталгаажуулдаг тул заавал нийгмийн даатгалын хэлтэс дээр ирж, баталгаажуулах шаардлагагүй.
Хэрвээ цахим гарын үсэг байхгүй бол жилдээ хоёр удаа заавал ирж, цаасаар нь баталгаажуулах хэрэгцээ шаардлага байгаа. Гэхдээ ирэх онд иргэн бүрт цахим гарын үсэг олгож, хэрэглээг нэвтрүүлж байгаа учир цаашид энэ мэтчилэн тайлангуудаа цахим гарын үсгээр баталгаажуулж, биеэр хэлтэс дээр ирэх хэрэгцээ шаардлага байхгүй болж байна гэсэн үг.
Нийгмийн даатгалын хувьд цахимжуулалт маш сайн хийгдсэн. Нийгмийн даатгалын сайн дурын гэрээгээ цахимаар байгуулах, төлбөрөө цахимаар төлөх гэх мэт ажлууд хийгдэж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт “e-Mongolia” аппликейшнд нэгдэж, нэвтэрсэн байгаа.
Энэхүү үйлчилгээ нь дээрээсээ хоёрт буюу вакцинжуулалтын гэрчилгээний дараах түгээмэл үйлчилгээнд орж байна. Тус тодорхойлолтыг одоогоор 1.4 сая иргэн цахимаар авсан байна. Нийгмийн даатгалын газраас одоогоор 5 үйлчилгээг “e-Mongolia” системд нэвтрүүлсэн байгаа. Түүнээс гадна, хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас иргэдэд үзүүлдэг халамжийн үйлчилгээнүүд “e-Mongolia”-д орсон байгаа.
Цахим шилжилт, цахим үйлчилгээнүүдийн хамгийн гол зорилго нь иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, авилга, хээл хахуулиас ангид байх, хувь хүний нөлөөллийг бий болгохгүй байх гэсэн ийм чиглэлтэй байдаг.
Өнөө өглөө бид нийгмийн даатгалын газраас шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн. Тодруулбал, ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авах боломжийг бүрдүүлж өглөө. Гэрээсээ гарахгүйгээр даатгуулагч ndaatgal.mn цахим хуудсаар орон, ажилгүйдлийн даатгалын тэтгэмжээ цахимаар бүртгүүлэн авах боломжтой. Цаашид бид “e-Mongolia” платформ дээр бүхий л үйлчилгээгээ нэгтгэхээр ажиллаж байна.
ЭМЯ-тай бид хамтран эрүүл мэндийн листийг 2022 оны 01-р сард багтаан цахимаар авах боломжийг бүрдүүлнэ. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор листээрээ дамжуулаад хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгодог байгаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 56,000 иргэнд илүү олголт хийгдсэн байна. Энэ үйлчилгээ мөн адил цахимжуулахаар ажиллаж байна. Тус үйлчилгээ нь цахимжсанаар илүү олон хүн тус тэтгэмжийг авах боломж нь нээгдэнэ.
Сүүлд бол бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ “e-Mongolia” платформд нэгтгэсэн. Энэ нь Нийслэлийн Засаг даргын тамгын газраас олгогддог үнэмлэх юм. Тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэн үнэмлэх, тодорхойлолтоо шинээр авах, сунгуулах бол “e-Mongolia”-д хандаж, үнэмлэх шуудангаар шууд авах эсвэл өөрийн төлөөллийн хүнээрээ дамжуулан авах боломжтой.