УИХ-ын гишүүн Т.Доржханд Цар тахлын хуулийг сунгаж буй шийдвэрийг эсэргүүцэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Цар тахлын хуулийг сунгахгүй байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Төсвийн эрх мэдэл ард түмэнд буюу тэдний эрхийг төлөөлж буй УИХ-д байх ёстой. Гэтэл төсөвт хяналт тавих эрх байхгүй болсон. Төсвийг зүйл, заалт болгоноор нь баталдаг. Зүйл заалтуудыг хооронд нь шилжүүлээд захиран зарцуулах эрх нь хуулиар Засгийн газарт олгогдсон. Үр дүнд үр ашиггүй хөрөнгө оруулалт, зардал гарлаа. Иргэдэд олон асуулт байдаг.
Бид хуулийн дагуу ажиллах цаг нь болсон. Засгийн газар сүүлийн хоёр жилд Цар тахлын хуулиар засаглалаа. Үр дүн гарсангүй. Засгийн газрын бүх томилгоонууд Цар тахлын хуулийн дагуу, сонгон шалгаруулалтгүйгээр явагдаж байна. Яамны төрийн нарийн бичгийн дарга гэхэд хамгийн багадаа 16 жил, найман жилд нь газар, хэлтсийн даргаар ажилласан байх ёстой. Туршлагагүй, бичиг цаасны ямар ч соёлгүй хүмүүс төрд ажиллахаар гаргаж байгаа шийдвэр нь судалгаагүй, үр дүнд хүрэхгүй байна.
Засгийн газар гэдэг бол чадавх дээр суурилсан институт. Гэтэл Цар тахлын хуулиар энэ чадавх алга. Тус хуулиар их хэмжээний мөнгийг иргэд, бизнес эрхлэгчдэд шийдвэрлэнэ гэсэн заалт бий. Энэ заалтууд цаашаа үргэлжлэх үү? Үргэлжилсэн тохиолдолд ямар мөнгөөр үүнийг санхүүжүүлэх вэ? Ирэх оны төсвийн орлогыг өндөр хөөсрөлөөр баталсан. Цар тахлын хуулийг зургаан сараар сунгавал битүү халамж болно. Халамжаас хөдөлмөрт гэдэг үг лоозон болж байна.
Хүний эрхийн асуудлыг илүү анхаарна, 800 гаруй хуулийн заалт зөрчилтэй байна гэдгийг эрх баригчид хэлж байгаа. Гэвч Цар тахлын хуульд хүний эрхийг хязгаарласан олон заалт бий. Ам ажил хоёр нь зөрөх юм бол тухайн намын дэвшүүлж байгаа бодлогод иргэд итгэх үү.
Алга ташуулж байгаа бодлого нь цаасан нь дээр болон хэрэгжилтийн хувьд өөр байна. Цар тахлын хуулийг зогсоогоод бусад хуульд өөрчлөлт оруулах хангалттай хугацаа байхад хууль бус үйлдлээ тухайн хуулийн ард халхавчлах нь буруу” гэдгийг хэллээ.
1 comment
Маш зөв энэ асуудлыг хөндөж тавьдаг нам байгаа нь яамая да, энэ муу ардчилсан нам таг шүү бүр