Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн захиалгаар “Каритас Монгол” ТББ-ын санхүүжилтээр Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль, Боловсролын их сургууль, Сэтгэл судлалын үндэсний төв хамтран зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамрагдаж буй этгээдүүдэд зориулсан 9 багц сургалтын жишиг хөтөлбөрийг боловсруулсан билээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн сургалт хариуцсан алба хаагчдад зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх аргачлалыг сурталчлах зорилгоор ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтэс, ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төв хамтран 2021 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд цахим сургалт зохион байгуулсан.
Сургалтаар 100 алба хаагчид “Сургагч багш”-ийн гэрчилгээ олгосон бөгөөд хоригдол, баривчлагдсан болон зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд сургалт явуулж байна.
Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын өнөөгийн байдал, тулгамсан асуудлыг нээн илрүүлж, цаашид боловсронгуй болгохтой холбоотой санал-зөвлөмж боловсруулах зорилгоор Хорих ял эдлүүлэх алба “Каритас-Монгол” төрийн бус байгууллагатай хамтран “Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын үр нөлөө” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт хотын бүсийн хорих анги, байгууллагын нийт 23 нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, Дотоод хэргийн их сургуулийн 4 доктрант оролцлоо.