Шүүх Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, “Бэрэн групп” компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн гэмт хэргийг хэлэлцэн Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд шүүх дөрвөн жилийн хорих ял оноосон нь АН-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч эхэллээ.
“Хүний эрхийн хувьд Э.Бат-Үүлд ял оноох ёсгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт ял тооцов, 2002 оны Эрүүгийн хуулийн 263.1 зүйл анги нь үлэмж хэмжээний хохирол, 263.2 нь их хэмжээний хохирол учруулсан бол буюу нөхцөл заасан байдаг. Тухайн нөхцөл хангагдсан тохиолдолд тэр заалтыг хэрэглэдэг. Энэ зүйл ангид төрийн албан тушаалтан байх ёстой гэж заасан. Хэрвээ хувь хүн, хуулийн этгээд байх юм бол энэ зүйл ангиар ял оноохгүй гэсэн үг” гэх мэт байр сууриуд гарч ирж, Э.Бат-Үүлд ял оноосон шүүхийн шийдвэрийг үгүйсгэж эхэлжээ.
Э.Бат-Үүл сүүлийн 30 жилийн дотор Нийслэл Улаанбаатарыг удирдсан үлгэр авахуйц жишгийг бий болгосон даргын нэг мөн. Хотын түгжээг бууруулах шийдлийг хайж, автомашиныг тэгш сондгойд шилжүүлсэн, өчигдөр ял сонссон Гэр хорооллын дахин төлөвлөлт, энэ төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн гээд өөр олон сайн жишгийг энд нэрлэж болно.
Экс хотын дарга, АН-ын лидер Э.Бат-Үүл ганц л юман дээр алдсан. Энэ нь төрсөн хүүгийнхээ компанийг гэр хорооллын дахин төлөвлөлт рүү оруулж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн нь өнөөдөр түүнийг шүүхийн танхимаас хорих анги руу шилжих эхлэлийг тавиад өглөө.
Үйл явдлыг эргэн хөндөхөд 2013 оны хавар Хотын дарга Э.Бат-Үүлийн төрсөн хүү Б.Чулуудайн “Гранд лайн” нэртэй компани гэр хорооллыг барилгажуулах 14 компанийн нэгээр тодорч, хотын удирдлагууд, Э.Бат-Үүл дарга өөрөө батламжилж байсан юм. Тодорхой хэлэхэд, “Гранд лайн”-ыг Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/533 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг Амгалан орчмын 236 нэгж талбарт төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан байдаг.
Барилгын салбарын “топ” компаниудын авч чадаагүй төслийг дуу бичлэгийн “Сонор рекордс” студийг удирдаж байсан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн компани авч, шавар зуурч, тоосго өрөх гэж байгааг тухайн үед иргэд эсэргүүцэж, хэвлэлийнхэн “Энэ бол ашиг сонирхлын зөрчил” хэмээн нэрлэж байсан билээ.
“Гранд лайн”-д нийслэлийн хамгийн түрүүнд барилгажих бүрэн боломжтой гэх БЗД-ийн XII дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 236 нэгж талбарт газар бөгөөд энэ хэсэгт 157 хашаа хамрагдаж, эхний ээлжинд 92 айлын амины орон сууц, 104 айлын орон сууцыг барихаар төлөвлөж байсан аж.
Цэвэр усны асуудлыг төвлөрсөн шугамаас холбох боломжтой төслийг авсан Грандлайн компани брокер, дилерийн үйл ажиллагаа явуулахаар 2011 оны гуравдугаар сарын 7-ны өдөр үүсгэн байгуулагдаж байсан гэдэг. Гэвч Б.Чулуудайн компани 8.6 тэрбум төгрөгийг санхүүжилт авсан ч барилгаа бариагүй. Долоон жил 50 орчим өрх айлыг хүлээлтэд оруулсан юм.
Өнөөдөр Э.Бат-Үүлтэй зэрэгцэж НИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Баттулга гэхэд “Э.Бат-Үүлийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хүүхдэдээ давуу байдал олгосон гэж буруутгаж байх шиг байна. Э.Бат-Үүл хүүдээ төсөл авч өгөөгүй. Тус компанийн сонгон шалгаруулалтад оролцоогүй. Тэр төслийг Удирдах хорооны шийдвэрээр сонгон шалгаруулсан юм. Тэр хороог нь удирдаж байсан хүн нь би байсан” хэмээн мэдэгджээ. Д.Баттулга Э.Бат-Үүлийн хүүгийн компанийг шалгаруулсан ч Э.Бат-Үүл энэ сонгон шалгаруулалтыг хүлээн зөвшөөрч батламжилсан нь үнэн.
Үүнтэй зэрэгцэн АН-ын лидерүүдийг хорьж цагдлаа гэсэн байр сууриуд ч ил гарч эхэлжээ. Э.Бат-Үүл Нийслэлийн үлгэр авахуйц Засаг дарга байж чадсан ч, энэ нь төрүүлсэн хүүдээ гэр хорооллын барилгажилтын ажил авч өгсөн улс төрийн өндөр албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийг нь зөвтгөх шалтгаан биш байх.
Э.Бат-Үүлийн үйлдсэн ашиг сонирхлын зөрчил, төрлийн хүнээ төрийн мөнгөөр дэмжсэн дэмжлэг нь дан ганц Э.Бат-Үүлд ч хамаарахгүй. Манай улс төрчдөд байдаг нийтлэг жишиг. Засгийн эрх барихаараа “нүд нь сохордог”, эрх мэдлээс буухаараа “нүдээ нээдэг”, ийм харалган байж болохгүйг л үйл явдал бүгдэд сануулаад байх шиг байна.
Д.ЖАРГАЛАН
3 comments
яг үнэн шүү . гавьяа бол гавьяа , хууль бол хууль
Хүн нь байвал хэрэг нь олддог цаг үе эхлээд удлаа да Н.Энхбаяраар эхэлсэн байх шүү яанам бэ
Atsaa hiij huuhdee oruulsan um Haana bna ter 8.6 terbum tug