Румыны Судалгаа, инноваци, тоон технологийн сайд Флорин Роман дуулиантайгаар огцорчээ. Сэтгүүлчид түүнийг худалч, хулгайч хэмээн буруутгасан байна. Тэрбээр огцрох шийдвэрээ нийгмийн сүлжээгээр зарлахдаа, өөртэй нь холбоотой дуулиан сайд нарын танхимынх нь ажилд саад болохгүй байгаасай гэж хүссэн гэжээ.
Гэхдээ Роман өөрийг нь буруутгасан бүхнийг үгүйсгэсэн байна. Тэрбээр ямар ч зүйл хулгайлаагүй, намтар бичихдээ алдаа гаргаснаас болоод ийм асуудалд хутгалдлаа хэмээжээ.
Хэвлэлүүдээр Романыг магистрын диссертациа бичихдээ бусдын ажлыг бараг бүтнээр нь ашигласан гэж үзсэн байна. Тэр тусмаа Libertatea сонин Романыг үгийг нь давтаад зогсохгүй, үг үсгийн алдааг нь хүртэл хуулсан байсан гэжээ. Сүүлд нь сэтгүүлчид түүнийг Клуж-Напока хотод байдаг Бабеш-Бойяи их сургуулийг огт төгсөөгүй байж, намтар дээрээ төгссөн мэтээр бичсэн болохыг тогтоосон байна. Энэ нийтлэл гарсны дараа Румыны Ерөнхий сайд Николае Чукэ Романаас тайлбар хийх юм уу огцрохыг шаарджээ.
Эх сурвалж: MIR24