“Эх яагаад эндэв” Итгэмжит лавлагаа судалгааны үр дүнг танилцуулах “Эхийн эндэгдэл- Нийгмийн хүчин зүйл” сэдэвтэй хэлэлцүүлэг өнөөдөр болж эхийн эндэх шалтгаан нөхцөл, ковидын үеийн хүчин зүйлсийн талаар хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний танилцуулга хийсэн юм.
ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа хэлэхдээ “Эхийн эндэгдлийн тоон үзүүлэлт бол улсын хөгжлийг харуулах маш чухал үзүүлэлт байдаг. Иймд Засгийн газраас эндэгдлийг бууруулахын тулд зорилт тавин ажилладаг. 2030 он гэхэд 100 мянган амьд төрөлтөд 25 хүртэл бууруулах төлөвлөгөөтэй байсан юм. Энэ зорилтдоо 2019 онд хүрч, бүр 15 болгон бууруулж чадсан юм. Гэвч сүүлийн хоёр жилд буюу 2020 онд 21 тохиолдол 2021 онд 67 тохиолдол гарсан. Ингэж өссөн нь ковидоос болсон бөгөөд энэ оны нас баралтын 44 нь ковидын шинжтэй гэж оношлогдож байгаа. Хавсарсан эмгэгийн шалтгаантай эндэгдлийг бууруулахын тулд иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж, ковидын шинжтэй нас баралтыг бууруулах бүрэн боломжтой юм.
Мөн эхийн эндэгдэлд шууд болон шууд бус шалтгаан нөлөөлнө. Шууд эндэгдэлд эх барих үеийн эндэгдэл байдаг бол шууд бус нас баралтад хавсарсан суурь эмгэгийн хүндрэлээс болдог” гэсэн юм.
Харин эхийн эндэгдлийн талаар Эрүүл Мэндийн Яамнаас ямар ажил хийж байгааг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтохоос тодруулбал,
-Эхийн эндэгдэл аль засгийн газар нийгмийн хэмжил гол хэмжүүр байдаг юм. Тиймээс эндэгдлийн тоог яаж бууруулах вэ гэдэгт Эрүүл Мэндийн Яамны гол бодлого чиглэдэг.
Хуучин эрүүл мэндийн салбарт хамааруулж ярьдаг байсан бол энэ хамаарал 51 хувьтай байгаа. Гэвч нийгмийн бусад хүчин зүйлс нөлөөлөөд байна. Эхийн эндэгдэл бүх нийтийн асуудал бөгөөд нөхөн үржихүйн боловсролыг маш сайн өгөх хэрэгтэй. Түүнээс гадна ажилгүй, оюутан эмэгтэйчүүд эхийн эндэгдэлд өртөх магадлал өндөр байдаг. Тиймээс Эрүүл мэндийн яамны зүгээс эрт илрүүлгийн шинжилгээг жилд нэг удаа хийж байгаа.
ЭХИЙН ЭНДЭГДЭЛД НӨЛӨӨЛӨХ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛС
Монгол улсад эхийн эндэгдэл 2000 оноос хойш тууштай буурсан ба 2000-2004 онд эхийн эндэгдлийн харьцаа 133.0 байсан бол 2016-2019 онд 31.5 болж 4.2 дахин буурчээ. Эндэгдлийн шалтгааны хамаарлыг тоочвол,
- эмийн бодисын хамаарал-1
- архины хамаарал-8
- Архаг тамхидалт-7
- Ар гэрийн хайр халамж дутмаг-7
- Гэр бүлийн хүчирхийлэл-7 гэсэн үзүүлэлттэй байна.