Ардчилсан намаас өнөөдөр (2021.12.16) 4:11 уулзалтын цагаараа цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
Ардчилсан намын дарга М.ТУЛГАТ: Өнөөдөр Монгол Улсад бизнес эрхлэгчид маш хүнд нөхцөлд байна. Сүүлийн 10 жилд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4000 ам.долларт эргэлдсэн. Энэ хугацаанд эдийн засаг тэлээгүй. Гэтэл 10 жилийн хугацаанд улсын нэгдсэн төсөв 5 дахин өссөн. Үндсэндээ 30 жилийн ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш өнөөдөр хувийн сектороо боомилж, төр улам данхайлаа. Өнөөдрийн нөхцөл байдлыг харвал хилийн асуудлаа шийдэж чадахгүй, хувийн хэвшлийнхэн туйлын хүнд байдалд орж байна. Сайд нар гурав хоногийн дараа хил нээгдэнэ гэдэг ч асуудал шийдэгддэггүй. Дунд шатны хурган дарга нарын хариуцлагын асуудлаас болж хоёр улсын хооронд хил нээх асуудал хойшлогдсоор байна. Хувиараа бизнес эрхлэгчид өдөр ирэх бүр туйлдаж, хаалгаа барьж байна.
Гэтэл монголд өнөөдөр төсвийн байгууллагын болон төрийн өмчит үйлдвэрийн газрын албан хаагчид, төрөөс тендер авдаг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид л сайхан амьдарч байна. Бусад нь туйлдаж байна. Хэдий Засгийн газар “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Оюутолгой”-н өр тэглэлээ гэж үлгэр ярьдаг ч иргэд туйлдаж байна.
Нөхцөл байдал ийм байгаа үед Ардчилсан нам дотоод асуудлаа яаралтай шийдэх ёстой. Ардчилсан намын бүх үеийнхэн энэ асуудалд санаа зовж байна. Хэдий хууль шүүх, тамганы маргаан байгаа ч үзэл санаа, бодлогын асуудлаар Ардчилсан нам нэгдэх ёстой. Угаасаа бид угшил нэгтэй хүмүүс. Бид галаа тойрч суух ёстой гэдгийг ч байнга хэлдэг. Ийм хэрэгцээ шаардлагаар АН-ын Бодлого стратегийн нэгдсэн зөвлөл гэсэн хамтын үзэл санаа, бодлогоо ярилцах нэгжийг байгуулж, цаашид нам нэгдэх тухай хэлцэл хийгээд байна.