Америкийн Google компани COVID-19-ийн эсрэг заавал вакцин хийлгэх шаардлагыг биелүүлэхээс татгалзсан ажилчдаа ажлаас нь халахыг анхааруулсан хэмээн РИА Новости орон нутгийн CNBC сувгаас иш татан мэдээлжээ.
Америкийн мэдээллийн технологийн аварга компани өмнө нь бүх ажилчдаа 12-р сарын 3 гэхэд COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн гэрчилгээ авчрах эсвэл эрүүл мэндийн болон шашны шалтгаанаар вакцинд хамрагдах боломжгүй гэсэн бичиг баримтыг гаргаж өгөхийг шаардаж байжээ.
Тус компанийн шинэчилсэн журмын дагуу шаардлагатай бичиг баримт бүрдүүлээгүй ажилчиддаа 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай “захиргааны цалинтай чөлөө” олгох бөгөөд 30 хоногийн дараа вакцин хийлгээгүй бол зургаан сарын цалингүй чөлөөнд шилжүүлж, энэ хугацааны дараа вакцинд хамрагдаагүй бол ажлаас нь халах гэнэ.
Google ажилчиддаа алсаас ажиллах боломж олгохгүй. Гэхдээ долоо хоногийн гурван өдөр оффистоо байхыг шаардах эрхтэй гэж тус телевизийн суваг мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь 1-р сарын 18-ны дотор 100-аас дээш ажиллагсадтай компаниудад бүх ажилчдаа вакцинжуулах эсвэл COVID-19-ийн шинжилгээнд хамруулахыг тушаасан байдаг. Харин өнгөрсөн долоо хоногт Америкийн бизнес эрхлэгч Билл Гейтс ойрын ирээдүйд тахлын цочмог үе шат дуусна гэж таамаглаж байгаагаа мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: RIA