Өнгөрч буй 2021 он манай улсын хувьд коронавирусын халдвар хүн бүрд, айл өрх бүрд, нийгмийн бүх салбарт ул мөрөө үлдээсэн жил болж өнгөрлөө. Оны хамгийн дуулиантай үйл явдлууд бүгд коронавирустэй холбоотой өрнөсөн байна. Тэр бүгдээс тоймлон хүргэе.
Энх саран сувилал нийгэмд коронавирусын халдвар алдсан ч, тэдэнд хариуцлага тооцсонгүй
Коронавируст цар тахал дэлхийг хэрж байхад манай улс коронад хаалгаа нээлгүй багагүй тэвчсэн. Үүнд иргэд, төр засаг гээд бүгд л хичээсэн. Харин биднийг коронатай нүүр тулах алхмыг Энх саран сувиллын хариуцлагагүй байдал нээж өгсөн. Энэ бол 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр.
Энх саран сувилалд тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан тээврийн жолооч “Д”- ээс коронавирус илэрч манай улс дотооддоо халдвар алдсан. Тухайн өдөр багц шинжилгээ хийгдэж 24 тохиолдол зэрэг илэрсэн байдаг. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл Энх саран сувилал гоц халдварт өвчин тарааж, Монголын ард түмний өмнө үйлдсэн туйлын хариуцлагагүй байдлынхаа төлөө ямар ч хариуцлага хүлээгээгүй байна.
Таавчиктай эмэгтэй Засгийн газрыг огцруулав
2021 оны хамгийн том дуулианы нэг бол Таавчиктай эмэгтэйн хэрэг. Учир нь энэхүү хэргээс үүдэн 2021 оны 1 дүгээр сарын 22-нд Монгол Улсын 30,31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Дөнгөж төрсөн эмэгтэйг нимгэн өмд, таавчиктай нь ХӨСҮТ-рүү зөөвөрлөж буй зураг сошиалаар цацагдсан нь иргэдийн дургүйцлийг асар ихээр хүргэж улмаар иргэд хөл хорионы хатуу дэглэмийг ч мартан Сүхбаатарын талбайд жагсаал өрнүүлсэн юм.
Эцэст нь У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон. Энэхүү жагсаал эмч нарын эсэргүүцлийн жагсаалаар үргэлжилж, араасаа олон жагсаал цуглаан дагуулсан юм. Цар тахлын хөл хориотой үе хэдий ч 2021 он түүхэндээ хамгийн олон жагсаал цуглаан болсон жил болж өнгөрөв.
Тусламж хүсэж очсон иргэн эмнэлгийн үүдэнд нас барсан барлаа
Коронавирус богино хугацаанд эрчээ авч эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, иргэд ч яах учраа олохгүй явсан минут, цаг тутмын бужигнаан дунд нэгэн иргэн эмнэлгийн үүдэнд нас барсан хэрэг олныг цочирдуулсан. Энэхүү хэрэг наадмын өмнөхөн буюу 2021 оны 7 дугаар сарын 4 нд болсон.
35 настай иргэн Р коронавирусын халдвар авч, гэртээ өөрийгөө тусгаарлаж байгаад өвчин нь хүндэрч, тусламж авах гэж ирээд БЗД-ийн Энэрэл эмнэлгийн үүдэнд нас барсан билээ.
Нийгмийг хамгийн ихээр бухимдуулсан асуудал нь НЭМГ-ын дарга Бямбадоржийн хэлсэн үг байсан. Тэрээр олон нийтэд мэдээлэл өгөхдөө “Иргэн Р алтны дархан хийнгээ тус байрны зоорийн давхарт амьдардаг. Тэрбээр сүүлийн 10 хоног тасралтгүй согтууруулах ундаа хэрэглэсэн” хэмээн мэдэгдсэн нь олон нийтийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн. Энэ дуулианы хариуцлагыг НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Энэрэл эмнэлгийн дарга н.Амартүвшин, Яаралтай түргэн тусламжийн төвийн дарга н.Пүрэвдаш нар хүлээж, тэд ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
Монголчууд Үндэсний их баяр наадмаа тасалдууллаа
Монголчуудын эрийн гурван наадам бол төрт ёсыг үүсгэн байгуулсан Хүннүгийн үеэс эхэлж, 1206 онд Их Монгол Улсаа тунхаглан Тэмүүжинг Чингис хаанд өргөмжлөх үеэс Төрийн их ёслол болгон тэмдэглэж ирсэн. Энэ удаа монголчууд 200 жил үргэлжилсэн Манж Чин улсын ноёрхлыг халж, тусгаар тогтнолоо дэлхийд зарласан Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэх байв.
Монгол улс 1921 оноос хойш түүхэндээ нэг л удаа Улсын наадмаа хийгээгүй байдаг. Харин 2021 онд Коронавирусын цар тахлын улмаас Улс Хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж чадаагүй нь 2 дахь тохиолдол болсон.
Иргэд үүн дээр NONAADAM, YESNAADAM гэж 2 хуваагдан морьтой жагсаал хүртэл хийсэн байдаг. Гэсэн ч УОК, төр засгийн шийдвэрээр аюулт цар тахлын хүрээг тэлэх аюултай гэж үзэн наадмын үйл ажиллагааг зохион байгуулаагүй юм.
Монгол Улсын өвөрмөц соёл, ёс заншлыг дэлхийн өмнө дэлгэдэг, монголчуудын ондоошилын нотолгоо болж өгдөг Үндэсний их баяр наадам ямар гээчийн хар хүчинд автаж, ямар гээчийн далдын нөлөөнд бүдрээд тасрахад хүрэв. Ковидын халдвар зөвхөн шалтаг, цаана нь арай үүнээс том бодлого, гадныхны хөндлөнгийн оролцоо байсан юм биш биз гэсэн хардлага үйл явдлыг даган өрнөж байв.
”NO DOUBLE STANDART”
Цар тахлын улмаас иргэд уйлж байсан. Бүгд айж байсан. Нийтээрээ карантилагдаж байсан. Харин энэ үеэр хэн хаагуур явж байсан бэ.
УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы эхнэр ХӨСҮТ-д, Ковид-19 халдвартай иргэд хэвтэж буй улаан бүсэд ээжийгээ сахиж хоноод өглөө нь гэртээ харьчихсан байдаг. Зарчмын дагуу бол энэ хүн гарч ирээд 14 хоног карантилагдаж хэд хэдэн тест шинжилгээ өгч, эрүүл гэсэн эмчийн нотолгоог авч гэртээ харих ёстой байв.
Тэр тусмаа УОК-ын даргын эхнэр цар тахлын онцгой хөл хорионы үед ийнхүү дүрэм журамгүй мэт аашилсан нь нийгэмд NO DOUBLE STANDART гэх эсэргүүцлийн хөдөлгөөний эхлэлийг тавьсан. Энэ нь мөн л оны дуулиан шуугиант томоохон хэргийн нэг болсон юм. Коронавируст цар тахлын үед, 12 дугаар сарын эхний 15 хоногт Монгол Улсад 386.826 иргэн халдвараар өвчилж, 1963 иргэн энэ өвчнөөр алтан амиа алдлаа.
Дижитал шоу, Камертоны 26 жилийн ойн тоглолт
Цар тахлын аюулыг хохирол багатай давж гарахын тулд дор бүрнээ хичээж байх үед Мэдээллийн технологийн салбарын томоохон цугларалт “Digital Nation 2021” нэртэйгээр зохион байгуулагдлаа. Халдвар тархалтын эрсдэл дагуулсан энэ арга хэмжээ иргэдийн дургүйцэл шүүмжлэлийг ихээхэн хүргэсэн ч зохион байгуулсан Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, УОК, НОК-ийн аль аль нь мэдээгүй гэв. Арга хэмжээнд зөвшөөрөл өгсөн албан тушаалтан, байгууллага ил гарч ирсэнгүй.
Гэтэл дахиад нэг шоу. 2021 оны 10 дугаар сарын 15-нд “Камертон хамтлагийн 26 жилийн ойн баярын нүсэр тоглолт УОК-ын даргын хувийн байгууламж, Зайсан хилл цогцолборт боллоо. Шоу тоглолтонд УОК, НОК-ын халдвар хамгааллын дэглэм барих тушаал шийдвэрүүд, хөл хорионы үеийн онцгой журам, ААН-тэй байгуулсан хариуцлагын гэрээ огт нөлөөлсөнгүй.
Цар тахлын хөл хорионы улмаас олон арван ААН хаалгаа барьж байхад шоу тоглолт, үдшийн цэнгээн хийхгүй байх тушаал шийдвэрүүд олны танил, эрх мэдэлтэй хүмүүст үйлчлээгүй юм. Тиймээс 2021 онд иргэдийг хамгийн ихээр бухимдуулсан шоунд дээрх хоёр арга хэмжээ зүй ёсоор нэрлэгдэж байгаа юм.
Хил гааль хаагдаж, эдийн засаг гүн хямрав
Коронавируст цар тахлын нөлөө иргэдийн амьдралд бараан сүүдрээ тусгаж байна. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд гадаад худалдаа явуулдаг гол боомт бол Хятад улсын Тяньжин юм. Гэтэл “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан уг боомтод Монголын импортын барааны 5 мянга гаруй чингэлэг хэдэн сараар сул зогсож байна. Үүнээс шалтгаалан манай улсын эдийн засагт хүндрэл үүсч, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж газрын ачаа 14-30 хоногт ирдэг байсан бол 3-5 сар саатдаг боллоо.
Замын-Үүд боомтод долдугаар сард баригдсан ариутгалын хаалганы стандарт гологдож, БНХАУ Эрээн хот руу орох, гарах авто тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж, Замын-Үүдэд 800 гаруй тээврийн хэрэгслийн урт дараалал үүссэн бол аравдугаар сард Эрээн боомтод бүртгэгдсэн коронавирусийн халдварын нөлөөгөөр Эрээн-Замын-Үүдийг холбосон ачаа, тээврийн хөдөлгөөн хоёр сар зогслоо.
Гадаад харилцааны яам болон Зам тээврийн хөгжлийн яамны албан тушаалтнууд энэ хугацаанд Хятадын талтай олон удаа уулзаж ярилцсан ч хилээр ачаа бараа тээвэрлэх үйл ажиллагаа хэвийн болж чадаагүй л байна. “Өнөөдөр хил хаалаа, нээлээ, дахин хаалаа” гэсэн мэдээлэл иргэдийг хамгийн ихээр бухимдуулсан үйл явдлын тоог нэгээр нэмэв.
Сэтгүүлч О.Туяа