Microsoft-ыг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Билл Гейтс шинэ жилийн уламжлалт захидлаа бичиж, 2021 оны дүнгээ гаргаж, 2022 оны таамгаа дэвшүүлсэн байна.
-Энэ бол миний амьдралын хамгийн өвөрмөц, хүнд жил байлаа. Хэрэв 2020 он бүх зүйл хэвийн голдрилоороо явсан богино хугацаа байсан бол 2021 онд бил цар тахлын байдалдаа хэдийнэ орчихсон байсан. Бид өөр өөрийнхөөрөө ч гэсэн “шинэ хэм хэмжээ”-ндээ дасан зохицоход хүрсэн. Миний хувьд энэ нь интернэтэд ихэнх цагаа өнгөрүүлсэн жил байлаа хэмээжээ.
Гейтс АНУ-ын арми Афганистанаас зугтсан хийгээд, контейнер тээвэрлэгч хөлөг Суэцийн сувагт гацсанаар дэлхийн эдийн засагт ноцтой аюул учруулах дөхсөн зэрэг улирлан одож буй оны онцлох үйл явдлуудыг сануулсан байна. Энэ бүгдийн дараа хувийн амьдралтай нь холбоотой эхнэр Мелиндагаасаа салснаа дурджээ.
-Бид сайн үйл сангаа хамтдаа удирдсан хэвээр байгаа. Гэхдээ би энэ жилийг миний хувьд тун гунигтай он байсныг үгүйсгэхгүй хэмээн Гейтс бичжээ.
Гэхдээ манай гарагийн хамгийн баян хүмүүсийн нэг тэрбээр ойрын ирээдүйгээ эергээр харж байна. Билл Гейтсийн 2022 оны 4 таамгийг хүргэе.
- КОРОНАВИРУС
Гейтс хүн төрөлхтнийг ковидыг дийлж чадна гэж өмнө нь таамаглаж байсан. Жилийн өмнө тэрбээр 2021 оныг 2020 оноос илүү дээр байх болно гэж бичиж байжээ. Гэвч дельта омог түүний бүх хөзрийг үгүй хийж, улиран одож буй онд дэлхий даяар 2020 оноос илүү олон тооны хүн ковидоор өөд болжээ. Гэхдээ Гейтс илүү сайн сайханд итгэж, ирэх онд цар тахлын хурц үе арда өнгөрсөн гэжээ.
-Мэдээж омикрон омог санаа зовоож байна. Гэхдээ дэлхий дахин цар тахлын ямар ч үеэс илүү коронавирусийн шинэ, илүү түрэмгий хувилбарт бэлтгэлтэй болжээ хэмээн Гейтс бичжээ.
Ирэх онд ковид тодорхой бүсийг хамарсан өвчлөл болно. Харин дэлхий даяар тархсан өвчин байхгүй гэжээ. Үүнээс гадна хүн төрөлхтөн шаардлагатай тохиолдолд шинэчлэгдсэн вакцин бүтээх илүү их боломжтой болно гэжээ.
Мэдээж бүсүүдэд дэгдэлт гарах ч шинэ эм бэлдмэл бий болно. Ерөнхийдөө дунджаар дэлхий даяар эрсдэл илүү бага болно. Ерөнхийдөө ковид бидний амьдралыг тодорхойлох гол хүчин зүйл байхаа болино хэмээжээ.
- ОФФИСЫН АЖИЛ
Цар тахлын үеэр хүн төрөлхтөн тоон ертөнцөд том алхам хийсэн, энэ чигээрээ үлдэнэ гэж залхуу хүмүүс л хэлээгүй байх. Видео холбоогоор хурал зөвлөгөөнөө хийж, хүнсний бүтээгдэхүүнээ интернэтээр захиалах ажиллагаа удаан хугацаанд үргэлжлэх болно гэдэг утгаараа. Харин Билл Гейтс үүнийг мөсөн уулын ердөө орой хэсэг гэж нэрлэж байна.
-Бидний ашигладаг технологиуд цаг хугацааны явцад улам төгс төгөлдөржинө. Бид тоон хэрэгслийг улам ашиглах тусам яаж сайжруулах вэ гэдгээ илүү ихээр ойлгох болно. Цар тахал тоон технологийг яаж өөрчилснийг бүрэн ойлгохын тулд 10 жил хэрэгтэй. Гэхдээ би ойрын хугацаанд дэлхийн нийтийн өөрчлөлтийн салбарыг харж байна.
Оффисын ажил. Тусдаа зөвлөгөөн, томилолт, хонгилд санамсаргүй уулздаг зэрэг ажил мэргэжлийн тогтсон хэвшил алдагдаж байна. Үр бүтээмжтэй байдал гэдэг төсөөлөл ч бүрэн эргэлээ. Бид гэрээсээ ажилладаг боллоо. Цар тахал дууссан ч энэ нь өөрчлөгдөхгүй. Гэхдээ бид гэртээ сууснаар хамт олонтойгоо харилцах боломжоо алдаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх амархан. Камер, хоёр дахь дэлгэцээ асаагаад л хамт олноо камераар харж болно. Энэ бол виртуаль ертөнцийн дөнгөж эхлэл нь. Ойрын 2-3 жилд одоогийн зүүм хурал тоон аватартай мета ертөнц болон хувьсана гэдэгт Билл Гейтс итгэлтэй байна. Эцсийн эцэст бидний тоон хувилбар виртуаль ертөнцөд бусад аватаруудтай уулзаж, бидний бие махбод гэртээ тав тухтай, аюулгүй байх болно.
- БОЛОВСРОЛ
Оффисоос ялгаатай нь сургуульдаа явах л шаардлагатай болно.Гэхдээ энэ нь бүх зүйл хуучин хэвэндээ байна гэсэн үг биш. Тоон боловсролын хэрэгслүүд суралцах явцад илүү ихээр нэвтэрнэ. Багш хулганыхаа хэдхэн товшилтоор аль нэгэн сурагчид ямар сэдвээр тусламж хэрэгтэй байгааг мэдэх боломжтой болно. Оюутнууд өөрийнх нь түвшинд тохирсон, илүү нэг хүнд чиглэсэн даалгавар эзэмшдэг болно. Үнэндээ бүх зүйл хүүхдүүдэд сургууль, гэрт нь хангалттай хэмжээний хүчирхэг компьютер, илүү хурдан интернэттэй байхаас шалтгаална.
- ЭРҮҮЛ МЭНД
Теле эрүүл мэнд өмнө нь байсан бол өдгөө цар тахлын үеэр энэ нь улам алдартай болж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд илүү олон хүн эмнэлэг рүү биеэрээ очихоос илүүтэй онлайн зөвлөгөө авдаг болжээ. Гэхдээ үүгээр дуусахгүй.
Хэрэв таны гэрт эмчийн тань хүсэлтээр даралт хэмжих төхөөрөмж байгаа, эмч таны ухаалаг цагаар хэрхэн унтаж, зүрх нь хэрхэн цохилж байгааг мэдэх боломжтой, цусны шинжилгээг ойрхон эмийн санд өгөх боломжтой, хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан ямар ч эмчээр эмчлүүлэх боломжтой байвал яах вэ? Гейтсийн үзсэнээр, энэ бол ойрын ирээдүйд гарах боломжтой зүйл гэж үзэж байна. Мэдээж үүгээр хязгаарлагдахгүй, хууль, техник ч өөрчлөгдөх болно.
Эх сурвалж: https://www.kp.ru/daily/28368.5/4517767/