Арванхоёрдугаар сарын эхний арав хоногт Монголын улстөрийн намуудын багагүй хөдөлгөөнд орлоо. Эрх баригч МАН 100 жилийн ой дээрээ 30 дахь Их хурлаа 1245 төлөөлөгчтэй хуралдуулж, намын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг батламжилсан бол АН 1206 төлөөлөгчтэй Үндэсний анхдугаар чуулганаа хуралдууллаа.
АН-ын Үндэсний Улс төрийн намын тухай хууль, Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлт, Хүний эрхийн асуудал гэсэн гурван том сэдвээр илтгэл тавьж байгаагаа мэдэгдсэн юм.
Сүүлийн 30 жил засгийн эрх мэдлийг ээлжлэн барьсан улс төрийн хоёр гол нам МАН, АН-ын Их хурал, үндэсний чуулганы аль аль нь нийгэм рүү чиглэсэн, улс төрийн намуудыг тойрон өрнөдөг гол гол шүүмжлэлд анхаарал хандуулсан, намын дүрмийн өөрчлөлт, дотоод зохион байгуулалт зэргийг хөндсөн байна.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Их хурал дээрээ МАН гишүүн төвтэй нам болох зорилго тавьж, гишүүдийнхээ улс төрийн боловсролыг сайжруулах сургалтуудыг гадаад, дотоодын хамтрагч их дээд сургууль, байгууллагууд, бодлогын судалгааны төвүүд, намын дэргэдэх Стратеги академитай хамтран зохион байгуулсан талаараа мэдэгдэж байв.
Энэ өдрүүдэд МАН гишүүдийн дуу хоолойг сонсохын зэрэгцээ авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон гишүүддээ намын гишүүнчлэлээс өөрийн хүсэлтээр түтгэлзэх, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд гишүүнчлэлээс хасах том шалгуур тавьж байгаагаа зарлав.
Энэ нь улс төрийн намууд дүрмийн бодлогын хувьд ийм өөрчлөлт хийхгүй л бол Монголын улс төрийн намуудын ирээдүй бүрхэг болж явааг харсан мэдрэмжтэй шийдвэр, нөгөө талдаа гишүүддээ өгч буй хатуухан сануулга болж чадлаа.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлдээ хүний эрхэд суурилсан, ардчилсан нийгэмд төрийн бодлого боловсруулах гол институт болох улс төрийн намууд цаг зуурын шинжтэй, олны анхаарлыг татах гэсэн популист бодлогоор бус, үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ суурилж, нийтийн эрх ашгийн төлөө улс төр, нийгэм, эдийн засгийн тодорхой чухал асуудлуудаар шинжлэх ухааны үндэслэл, судалгаатай бодлогоор өрсөлддөг байх ёстой талаар хөндөж, улс төрийн манлайлал үзүүлсэн бол МАН-ын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийгэм, эдийн засгийг сэргээх Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулж, эрх баригч намын дараагийн 100 жилийг эхлүүлээ.
Үйл явдалтай зэрэгцэн чуулсан АН харин дотооддоо учраа олсонгүй. Үндэсний чуулганыг С.Эрдэнэ зарлан хуралдуулсан бол О.Цогтгэрэлийн АН ардчиллын төлөөх намууд нэгдсэн 12 дугаар сарын 06-ны өдрийг тохиолдуулан “Иргэний ардчилал XXI зуун” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
О.Цогтгэрэлийн талын АН-ынхан хүний эрхийг үзэл баримтлалынхаа төвөө болгон сахин хамгаалдаг Ардчилсан нам XXI зуунд, улс нийгмийнхээ байдал, өөрчлөлт, хувьсал, хөгжил, хэтийн төлөвийн чиг хандлагын талаарх эрдэмтэн судлаачдын судалгаа, шинжилгээ, дэвшүүлж буй үзэл санааг хэлэлцүүлж, гишүүд дэмжигчдийнхээ боловсролыг дэмждэг, тэдэнтэйгээ ярилцдаг, санаа бодлыг нь сонсдог хамтдаа шийдвэрлэдэг ИРГЭН төвтэй нам байна хэмээн мэдэгдсэн ч С.Эрдэнийн талаас зохион байгуулсан Үндэсний чуулганд огт ач холбогдол өгсөнгүй.
С.Эрдэнэ Үндэсний чуулган дээр “АН-ын дарга С.Эрдэнэ” хэмээн зарлуулсан нь улс төрийн томоохон хүчин АН-ын хоёр хуваагдсан хүчийг дахин сарниулж гурав дахь зөрчлийг үүсгэсэнтэй ижил хэрэг болов.
Ардчилсан намаас нийгэм шинэчлэлийг хүлээж байгаа. Бас лидерүүдийн зөрчил нь зөөлөрч, залуучууддаа байр сууриа тавьж өгөхийг хүлээж буй. Гэвч өрнөж буй үйл явдлууд, нийтийн хүлээлт хоёрын дунд хол зөрүү үүсч, эцэс төгсгөлгүй маргаан хэрхэн өндөрлөхийг ч тааварлах аргагүй нөхцөл үүсчээ.
30 настай, залуухан АН дотооддоо гурав хуваагдах нөхцөл үүсч байхад нөгөө талд өрнөсөн МАН-ын Их хурлын төлөөлөгчид харьцангуй залуужсан, энэ намд үе аль хэдийнэ солигдсон гэдэг нь харагдаж байв.
Олон улсын хүний эрхийн өдрийг угтаж АН-ын нэг хэсгийг ахалж байгаа М.Тулгат мэдэгдэл хийхдээ МАН-ын Их хурлын талаар дурдаад, МАН хүний эрхийг дээдэлсэн бодлого баримталж эхэлж байгаад, эрх баригч нам дотооддоо өөрчлөлт хийж чадаж байгааг хүлээн зөвшөөрч, улстөрчид байх ёстой соёлыг илэрхийлсэн нь өнгөрч буй долоо хоногт улс төрийн намуудын дунд болсон үйл явдлуудын онцлог болж чадлаа.