Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хоттой ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ой өчигдөр тохиов.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ойн арга хэмжээг хоёр тал цахимаар зохион байгуулсан юм.
Цахим уулзалтын эхэнд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва “Улаанбаатар, Хөх хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярын мэндийг Хөх хотын Ардын Засгийн газрын хамт олонд хүргэе. Ах дүүгийн харилцаа тогтоосноос хойш хоёр хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа нь худалдаа, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг олон салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун байна. Тухайлбал, хотын удирдлагуудын албан айлчлал, соёлын арга хэмжээ, эдийн засгийн форум, сурагч солилцооны хөтөлбөрийг бид тогтмол, амжилттай зохион байгуулж ирсэн. Цаашид ч уламжлалт харилцаандаа үндэслэн олон салбарт бодит хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх саналтай байна” хэмээв.
Түүнчлэн тэрбээр Хөх хоттой стандартын шаардлагад нийцсэн ногоон байгууламжийг бий болгох чиглэлээр хамтарч ажиллах, хоёр хотын хоорондын аялал жуулчлалыг харилцан ашигтай хөгжүүлэх, соёл, урлаг, эрүүл мэндийн салбарт харилцан туршлага солилцох саналтай байгаагаа Хөх хотын удирдлагуудад илэрхийлсэн юм.
30 жилийн ойн хүрээнд хоёр хотын орлогч дарга нар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хот хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Улаанбаатар болон Хөх хотын хамтын ажиллагааны хүрээнд газар тариалан, соёл, урлаг гэх мэт олон чиглэлд хамтран ажиллах боломжтой. 30 жилийн ойн хүрээнд дээрх хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, хувийн хэвшлүүдээ бодлогоор дэмжих, хоёр хотын аж ахуй нэгж, байгууллагууд хамтран ажиллахад хотын удирдлагууд бодлогоор дэмжих санамж бичиг байгууллаа” гэв.
Ойн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын Худалдааны танхим Хөх хотын Худалдааг дэмжих хороотой хамтран Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалт хийн, санамж бичиг байгууллаа.
Мөн уулзалтад оролцсон хувийн байгууллагууд Хөх хотын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах санал солилцож, санамж бичиг байгуулсан юм.
Энэ талаар Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг “Хөх хот болон тус хотын аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран ажилласнаар БНХАУ-ын техник, технологийн хөгжил, дэвшлээс суралцах, эдийн засгийн томоохон ач холбогдол бүхий төслүүдэд хамтран ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна” гэв.
Цахим хуралдаанд Улаанбаатар хотын талаас Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Ж.Баатарчулуун, Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар, Д.Батмөнх, Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Харин Хөх хотын талаас тус хотын орлогч дарга Ван Хаолэй, Хөх хотын Ардын Засгийн газрын Нарийн бичгийн дарга Жан Жундун, Хөх хотын Худалдааны газрын дарга Ли Хун, Хөх хотын Худалдааг дэмжих газрын орлогч дарга Баатар нар оролцлоо.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс