Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 160, 42 тогтоолоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумдын нутагт Шижигтийн хавцалд Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, станцын барилга, угсралтын ажлыг эхлүүлэхээр тусгасныг онцлоод Засгийн газрын 2019 оны 357 дугаар тогтоолоор уг цахилгаан станц барихаар төлөвлөсөн 28000 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авахаар болсон.
УЦС-ын Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг “Нью гидро проект” ХХК, “ЕНКО” ХХК-ийн түншлэл 2019 оны 10 дугаар сард хийж гүйцэтгэжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланд дараах 14 шүүмжийг өгсөн байна.
-Төслийн нөлөөлөлд өртөх айл өрхийн газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох, тэдний хэвийн амьдрах нөхцөлийг хангах төлөвлөгөө гаргаж зардлын эх үүсвэрийг заах, түүнийг хариуцан хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтныг төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай тохиролцон тайланд тусгах;
-Төсөл хэрэгжих 6 багийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн ИНХ-аас бусад багууд уг төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг дэмжээгүй байна. Иймд Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Засаг дарга /ИТХ/, сумдын Засаг дарга /ИТХ/-тай хамтран ажиллаж, саналыг дахин авах;
-Төслийн хэрэгжих газраас 10000 орчим га газар усанд автах тул үүссэн нуурын экосистем нь тухай орчинд амьдарч буй айл өрхөд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийг тооцох, бэлчээрийн усан хангамж, бусад зүйлсийг тусгах;
-УЦС-ын барилга болон бусад дэд бүтцийн барилга байгууламжид ашиглах 1.2 сая.м түгээмэл тархацтай ашигт малтмалыг хангахаар сонгосон газар, түүнээс ашиглах газар нь холбогдох хууль тогтоомтой нийцэж байгаа эсэхээр тайлбар өгөх, эрх бүхий байгууллагаар шийдвэр гаргуулах;
-Усны газраар ус ашиглах боломжит нөөц, техникийн шийдэл талаас нь дүгнэлт гаргуулж, тайланд хавсаргах;
-Дүйцүүлэн хамгааллын ажлын хүрээнд аргаль хонь, янгир ямаа, минжний хувьд ямар арга хэмжээг хаана хэрэгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн ямар үйл ажиллагааг хаана, хэрхэн зохион байгуулах;
-Загас дамжуулах сувгийн ямар хувилбарыг санал болгох, хэрэв сувгийн байгууламж барих нь хүндрэлтэй бол загас зөөвөрлөх, шилжүүлэх хувилбарыг боловсруулж тайланд тусгах, ялангуяа Монгол хадрангийн үржлийн үед үржлийн сүргийг далангийн дээд хэсэгт зөөвөрлөх, шилжүүлэх ажлыг хийдэг байх;
-Төсөл хэрэгжих талбайд түүх, соёлын өвд хамаарах ажлыг хэрэгжүүлэх зардал болон уг ажлыг гүйцэтгэх талаар Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн болон бусад холбогдох хүрээлэн, судалгааны байгууллагатай хамтран ажиллах чиглэлээр тодорхой зөвлөмж өгөх;
-Төслийн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг олон нийтэд хүргэх, мэдээллийг ил тод байлгах талаар захиалагч, гүйцэтгэгч байгууллагын үүргийг тодорхой тусгах зэрэг шүүмжийг өгчээ.
Энэхүү шүүмжийн дагуу Эрчим хүчний яам болон үнэлгээний компани Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд холбогдох нэмэлт тооцоо судалгаа, засвар, өөрчлөлтийг хийж, 2021 оны 04 дүгээр сард Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн байна.
Мэргэжлийн зөвлөлийн хурал 2021 оны 5 дугаар сард дахин хуралдаж гурван аймгийн 4 сумын нэгээс бусад багийн иргэдийн Нийтийн Хурал (ИНХ) төслийн үйл ажиллагааг дэмжээгүй асуудлыг авч үзээд Эрчим хүчний яам, үнэлгээний компани үнэлгээний компани төсөл хэрэгжих орон нутгийн иргэдэд төслийн эдийн засаг, экологийн ач холбогдол, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, газар чөлөөлөх, нөхөн олговор олгох хуваарь зэргийг дахин дэлгэрэнгүй танилцуулж, саналыг авч тусгасны дараа үнэлгээний тайланг баталгаажуулахаар шийдвэрлэжээ.
1 comment
Хүмүүсийн оршин суух бүх нөхцөл, тэдний санал, хүсэл зориг Монгол орны унаган байгаль, сав шим, түүхэн дурсгалт газрын өнөөгийн бодит байдлыг цогц авч үзэх нь зөв юм. Тэгэх боломж ологолгүй зөвхөн өнөө Шоубакир, шог Сосорбурам нарын амьдралд ойргүй, хэт ойворгон сэтгэлгээр хандаж үл болно. Та бүгд энд Ховд голын хөвөөнд зөвхөн казахууд бус дөрвөн ойрдын өлдүүд, дөрвөд, баядууд ч амьдарч буйг санаарай. Хөөрхий Баяннуурын минь хэдэн борчууд саналаа хэлэх гэсн биш үйлээ үзэж доромжлуулж буйг сонслоо. Ингэж болохгүй. УЦС-ыг бариулах үгүй эсэхийг үнэндээ манай төр засаг ч шийдэж чадахгүйд хүрч болох шахалт ирж магаадгүй ш дээ. Усны савдаг, уул усны хараал догшролт гээд давагдашгүй хүч учирч болохыг бодоорой! Харин НӨУЁ буюу хүй элгэн нарын шийдвэр бол МАН-ын 67 мануухай нараас илүү жинтэй байх ажааму!