УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.
Байгаль орчны сайд Н.Уртнасан ” Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг хийх явцад болон бүрэн ашиглалтад орсны дараа байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл судалгааны тайланг нээлттэй ил тод хэрхэн танилцуулах талаар,
Монгол улсын Засгийн газрын 2018 оны 160 дугаар тогтоол, 2021 оны 42 дугаар тогтоолоор Ховд аймгийн Эрдэнбүрэн Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь Нутагт шижигтийн хавцалд Эрдэнэбүрэнгийн 90 мВтын цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр тусгасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 357 дугаар тогтоолоор уг усан цахилгаан станц барихаар төлөвлөсөн 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байна. Улмаар байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг 2019 оны 10 дугаар сард хийж гүйцэтгэсэн. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийх зөвлөгөө үйлчилгээний гүйцэтгэгчийг эрчим хүчний яамнаас “Нью гидро проект”, “Энко” компанийн түншлэлийг шалгаруулсан байна. Энэ хоёр компани 2021онд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэсэн байна. “Нью гидро проект” компани нь өнгөрсөн хугацаанд 32 төслийн, “Энко” компани нь 184 төслийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэсэн туршлагатай. БОАЖ яам нарийвчилсан үнэлгээний тайланд дараах 14 шүүмжийг өгсөн. Тухайлбал,
- Төслийн нөлөөлөлд өртөх айл өрхийн газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох, тэдний хэвийн амьдрах нөхцлийг хангах төлөвлөгөө гаргаж, зардлын эх үүсвэрийг хаах. Түүнийг хариуцан хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтныг төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай тохиролцон тайланд тусгах
- Төсөл хэрэгжих зургаан багийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн ИНХ-аас бусад багууд уг төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг дэмжээгүй байна. Тиймээс Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, ИТХ, сумдын Засаг дарга, ИТХ-тай хамтран ажиллаж саналыг дахин авах
- Төслийн хэрэгжих газраас 10 мянган га газар усанд автах тул үүсэн нуурын экосистем нь тухайн орчинд амьдарч байгаа айл өрхүүдэд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийг тооцох
- Бэлчээрийн усан хангамж бусад зүйлийг тусгах
- УЦС-ын барилга болон бусад дэд бүтцийн барилга байгууламжид ашиглах 1.2 сая метр куб түгээмэл тархацтай ашигт малтмалыг хангахаар сонгосон газар түүнээс ашиглах газар нь холбогдох хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэх талаар тайлбар өгөх, эрх бүхий байгууллагаар шийдвэр гаргуулах
- Усны газраас ус ашиглах боломжит нөөц, техникийн шийдэл талаас нь дүгнэлт гаргуулж тайланд хавсаргах
- Дүйцүүлэн хамгааллын ажлын хүрээнд аргал, янгир, минжны хувьд ямар арга хэмжээ хаана хэрэгжүүлэх
- Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн ямар үйл ажиллагааг хаана хэрхэн зохион байгуулах
- Загас дамжуулах сувгийн ямар хувилбарыг санал болгох, хэрэв сувгийн байгуулахад хүндрэлтэй бол загас зөөвөрлөх, шилжүүлэх хувилбарыг боловсруулж тайланд тусгах
- Төсөл хэрэгжих талбайд түүх соёлын өвд хамрах ажлыг хэрэгжүүлэх зардал болон уг ажлыг гүйцэтгэх талаар шинжлэх ухааны академийн архелогийн хүрээлэн болон судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр тодорхой зөвлөмж өгөх
- Төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ байгаль орчны нөлөөллийн үнэлгээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг олон нийтэд хүргэх, мэдээллээр ил тод хангах талаар захиалагч, гүйцэтгэгч байгууллагын үүргийг тодорхой тусгах зэрэг шүүмжийг өгч ажилласан.
Дээрх шүүмжийн дагуу эрчим хүчний яам болон үнэлгээний компани байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд холбогдох нэмэлт тооцоо судалгаа засвар өөрчлөлтийг хийж, 2021 оны дөрөвдүгээр сард мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн. Мэргэжлийн зөвлөлийн хурал 2021 оны тавдугаар сард дахин хуралдаж гурван аймгийн дөрвөн сумын нэгээс бусад багийн Иргэдийн нийтийн хурал төслийн үйл ажиллагааг дэмжээгүйг авч үзээд Эрчим хүчний яам, үнэлгээний компани, болон орон нутгийн иргэдэд төслийн эдийн засгийн болон экологийн ач холбогдол, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, газар чөлөөлөх, нөхөн олговор олгох хуваарь зэргийг дахин дэлгэрэнгүй танилцуулж, саналыг авч тусгасны дараагаар үнэлгээний тайланг баталгаажуулахаар шийдвэрлэсэн. Ингээд холбогдох байгууллагууд засвар, өөрчлөлт тооцооллыг хийж 2021 оны тавдугаар сараас есдүгээр сар хүртлэх хугацаанд багийн ИНХ-д нарийвчилсан үнэлгээний тайланг дахин танилцуулж, санал авах үйл ажиллагааг зохион байгуулсан. Үүний дараа хоёр аймгийн гурван сумын таван багийн ИНХ-аас уг төслийн үйл ажиллагааг дэмжсэн санал өгсөн. Харин Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн Иргэдийн нийтийн хурлаас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг дэмжээгүй хэвээр байна” гэлээ.
1 comment
Улсын хөгжлийг сумын хэдэн иргэд зогсоох боломжгүй усан цахилгаан станц шиг үр өгөөжтэй зүйл 1 номер