Говьсүмбэр аймгийн прокурорын газраас бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг дахь Ерөнхий боловсролын нэг, хоёр, тавдугаар сургуулийн бага ангийн сурагчдад мэдлэг олгох сургалтыг зохион байгуулжээ.
Тус сургалтад бага насны 250 гаруй сурагч хамрагдсан бөгөөд тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохирсон аргаар сургалтыг явуулсан байна. Тухайлбал, “Миний биеийн хувийн хэсэг”, “Миний бие бол миний л бие”, “Хүүхдийн тусламжийн дугаар 108” зэрэг сэдвээр бэлтгэсэн дүрс бичлэгүүдийг үзүүлж, хүүхдүүд өөрийгөө болон найз нөхдөө хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах аргад суралцсан нь онцлог болжээ.
Мөн “Хүчирхэг охид” гар утасны аппликэйшн татах зааврыг танилцуулсан хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.