Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Биеийн Тамир Спортын Улсын Хороо, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаaс хамтран бөхчүүдэд “Допингийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг маргааш буюу 12 дугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулахаар болжээ.
Сүүлийн жилүүдэд томоохон барилдаан бүрийн дараа бөхчүүдийн допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр илэрч, асуудал дагуулсаар байгаа. Хамгийн сүүлд давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хассан юм.