Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад олон харилцааг шинээр зохицуулахаар тусгасан. Тухайлбал, туслах малчин, гэрийн үйлчлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахаар заасан нь тэдний эрх ашгийг хуулиар хамгаалсан өөрчлөлт болжээ.
Мөн уул уурхайд ажиллагсдын ажил, амралтын хугацааг тус бүр 14 хоногоор тогтоосон, ажилтан үндсэн ажлын цагаасаа бусад цагт өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болно, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил гүйцэтгэх тохиолдолд тохирсон цалин хөлс авах эрхтэй гэхчилэн онцлог заалтууд тусгагджээ. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2021 оны долдугаар сарын 02-ны өдөр УИХ-аас баталсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ.
Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуулийг мөрдөж эхлэхтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах зорилготой сургалт зохион байгуулж байна.
Сургалтын зорилго нь:
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хамрах хүрээ, дагалдан өөрчлөлт орж буй дүрэм журам
- Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны эрх зүйн шинэчлэл, олон улсын жишиг
- Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн эрх үүргийн талаар улсын байцаагчдад ойлголт, мэдээлэл өгөхөд чиглэж байна.
Сургалтын үр дүнд хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудас болон уг хуудсыг хэрэглэх зөвлөмжийн төслийг боловсруулах юм.