“e-Mongolia” системд төрийн үйлчилгээнүүд нэмэгдэж орж буй талаар өнөөдөр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, цахим засаглал болон авлигагүй сайн засаглалыг бий болгох зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Эдгээр зорилгын хүрээнд төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох e-Mongolia апп-д эрүүл мэндийн салбарын есөн үйлчилгээг нэмж оруулахаар болсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцоллоо.
Эхний ээлжид ЭМЯ-ны харьяа болон 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг 136 өрхийн эмнэлгийн үйлчилгээ хамрагджээ.
Нэмэгдэж буй үйлчилгээ:
- Эмнэлэгт цаг авах
- Шинжилгээний хариу харах / ЭМЯ-ны харьяа болон 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өгсөн бол/
- Олон улсын аялал жуулчлалын эрүүл мэндийн гэрчилгээ авах
- Вакцины гэрчилгээ
- Эмнэлгийн магадалгаа
- Эрүүл мэндийн даатгалын лавлагаа /2016 оноос хойш бөгөөд ЭМД-ыг бүрэн төлсөн байх/
- Дархлаажсан тухай QR батламж олгох үйлчилгээг эхний ээлжид нэмжээ.
Дараагийн удаад жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас болон хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг ХНХЯ-тай хамтран оруулахад бэлэн болсон.
Нэгдүгээр сарын 1-нээс “Цахим эрүүл мэнд 2” төслийг эрчимжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор эмнэлгүүдийн хооронд өгөгдөл солилцох, нэгдсэн платформ угсрах бэлтгэл ажлуудыг бэлэн болгосон гэдгийг сайд нэмж хэллээ.