Олон улсын тээвэрлэлтийн явцад үүсэх эрсдэл, хариуцлагыг богино хугацаанд шуурхай шийдвэрлэх, тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэхэд зориулсан хамгаалалтын систем буюу олон улсын ногоон картын системд нэгдэн орох боломж, нөхцөлийн талаар зөвлөлдөхөөр Олон улсын авто даатгагчдын зөвлөлтэй өнгөрсөн Мягмар гарагт цахимаар уулзав.
Ногоон картын системийг Европын улс орнуудад 1949 оноос танилцуулж, хэрэгжүүлж ирсэн. Энэ үйл ажиллагааг НҮБ-ын Европын Эдийн Засгийн Комисс (UNECE)-оос эхлүүлж, үйл ажиллагааг Олон улсын авто даатгагчдын зөвлөл хариуцан хэрэгжүүлж ажиллаж буй. Олон улсын ногоон картын системд 48 улс гишүүнчлэлтэй бөгөөд тус систем нь захиргааны саад тотгорыг арилгах замаар хил дамнасан замын хөдөлгөөнийг дэмжих, гаднын улсын тээврийн хэрэгслийн гаргасан зам тээврийн ослын хохирогчийг хамгаалах гэсэн хоёр үндсэн зорилготой аж.
Монгол Улс НҮБ-ын авто замын тээвэртэй холбоотой олон улсын 7 гэрээ, хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд цаашид нэгдэн орох шаардлагатай олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийг судлан энэ чиглэлээр НҮБЕЭЗК-ийн Тогтвортой тээврийн хэлтэстэй хамтран ажиллаж буй.
Хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Тогтвортой тээврийн хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд Монгол Улсад 2019 онд айлчлан, олон улсын авто замын тээврийг хөгжүүлэх, ТИР тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсын даатгалын ногоон картын систем, тээврийн хэрэгслийн жолоочийн ажил, амралтыг зохицуулах талаарх НҮБ-ын холбогдох гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох чиглэлээр холбогдох сургалт, семинарыг амжилттай зохион байгуулж, эдгээр олон талт гэрээнд Монгол Улсыг нэгдэн орохыг зөвлөсөн.
Одоогийн байдлаар манай улс Орос, Хятад, Казахстан, Украин, Турк, Беларусь, Киргиз, Ардчилсан Солонгос, Европын орнуудаас Латви, Унгар, Литва, Словени зэрэг 12 улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулан тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаа.
Сүүлийн жилүүдэд гадаад худалдааны эргэлт өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан ЗТХЯ Бүгд Найрамдах Польш, Чех, Гүрж, Словак, Холбооны Бүгд Найрамдах Герман, Итали, Австри, Франц, Хорват зэрэг Европын улсуудтай автотээврийн гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрийн төслийг солилцож буй.
Мөн олон улсын ачаа тээвэрлэлтийг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд “Азийн авто замын сүлжээгээр авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг 2018 онд байгуулж, соёрхон баталсан. Энэхүү хэлэлцээр нь Монгол, Орос, Хятад гурван улсыг дамжин Ази, Европыг холбосон хамгийн дөт замналыг албан ёсоор нээсэн.
Олон улсын хэмжээнд хийгдэж буй гэрээ, хэлэлцээрийн үр дүнд Монголын тээвэрчид гаднын улс орнууд руу тээвэрлэлт хийх боломж бүрдэж байгаа хэдий ч олон улсын авто замын тээврийн даатгалын асуудал тулгардаг.
Иймд 2018 оноос эхлэн олон улсын даатгалын ногоон картын системд нэгдэхээр холбогдох дүрэм, журмыг судлан, Монгол Улсын Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, даатгалын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Дотоодын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын ногоон картын системд нэгдэн орох бэлтгэлийг ханган, уг системд нэгдэх тухай хүсэлтийг Олон улсын авто даатгагчдын зөвлөлд 2021 оны наймдугаар сард хүргүүлсэн юм.
Уг хүсэлттэй холбогдуулан цахим уулзалтыг амжилттай зохион байгуулж, Монгол Улс хэдийгээр олон улсын даатгалын ногоон картын системийн газарзүйн хамрах бүс нутагт хамаарагдахгүй боловч энэхүү системийн хүрээнд Монгол Улсын тээврийн хэрэгслийг улс орнуудад саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүднээс цаашид хамтран ажиллахаар харилцан тохиролцолд хүрсэн гэж ЗТХЯ-наас мэдээллээ.