Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д зааснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүх санал гаргах үүрэгтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэж зааснаар Улсын дээд шүүхээс санал болгож, Улсын Их Хурал томилсон Үндсэн хуулийн цэцийн нэг гишүүн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх хуульд заасан үндэслэл бий болсон.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасан хугацаанд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, санал гаргах бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авч байна.
Иймд Улсын дээд шүүхээс санал болгох Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх боломжтой юм.
Нэр дэвшигчийн материалыг энэ сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд, ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр болон info@supremecourt.mn и-мэйл цахим шуудангаар (PDF форматаар) хүлээн авна.
Нэр дэвшигч дараах баримт бичгийг бүрдүүлнэ: Үүнд:
- нэр дэвших тухай хүсэлт (гарын үсэг зурсан байх);
- төрийн албан хаагчийн анкет;
- иргэний үнэмлэхийн хуулбар;
- боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл ажил эрхлэлтийн талаарх нийгмийн даатгалын лавлагааны эх хувь.
- хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэйгээ тодорхойлсон холбогдох баримт: Үүнд
- а/ хууль зүйн мэргэшсэн салбар;
- б/ улс төрийн мэргэшсэн байдал;
- в/ мэргэшсэн ажлын туршлага, хугацаа;
- г/ эрдмийн зэрэг, цол (хамгаалсан сэдэв, огноо, сургууль);
- д/ ном, судалгааны бүтээлийн жагсаалт;
- е/ дээрх шаардлагыг нотолно гэж үзсэн бусад баримт;
Шаардлага хангасан нэр дэвших хүсэлт, ирүүлсэн материалыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан нэр дэвшигчийн нэрийг Улсын Их Хуралд хүргүүлнэ.
Нийт нэр дэвшигч болон Улсын дээд шүүхээс олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд цаг тухайд нь мэдээлэх бөгөөд олонхын санал аваагүй нэр дэвшигчийн талаар тайлбар гаргахгүй, нэр дэвшигчийн ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүхийн тамгын газар