Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргаж байна.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2021-2022 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашиглажээ.
Энэ жил зуншлага ихэнх нутгаар хэвийн сайн байсан бөгөөд 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд сайн, 20 гаруй хувьд дунд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар муу үнэлгээтэй байв.
Арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 20,1 см-ээс их, Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Малчин, Хяргас, Баруунтуруун, Баянхонгорын Эрдэнэцогт, Баян-Овоо, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Ренчинлхүмбэ, Өвөрхангайн Хайрхандулаан, Хэнтийн Жаргалтхаан, Дадал, Сүхбаатарын Түмэнцогтод 6-20 см, бусад нутагт 0-5 см цастай байна.
2021 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар гаргасан зургаас үзвэл нийт нутгийн 2.6 хувьд их, 10.8 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй, бусад нутгаар эрсдэл багатай гарчээ. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгуудын зарим хэсэг эрсдэл их гэсэн зэрэглэлд байна.
Өнгөрсөн зун бороо хур элбэг, нэгжийн ургац сайн улмаар бэлчээрийн нөөц, даац хүрэлцээтэй гарсан, мөн 12 дугаар сард дунджаас дулаан, цас багатай байх төлөвтэй байгаа нь зуд турхан үүсэх нөхцөл бага байгааг харуулах боловч цасгүй газарт мал хараар зутрах, бэлчээр ашиглах боломж муудах нөхцөл үүсэх талтай юм.
Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрд зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргах юм байна.