Төрийн өмчит үйлдвэрийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болох Д, Г нар албан тушаалаа урвуулан ашиглаж оффшор бүсэд компани байгуулж, улмаар хууль бус аргаар олсон ашгаараа 4.3 тэрбумаар үнэлэгдэх онон сууц худалдан авсан байсныг АТГ-аас илрүүлэн, хөрөнгийг хураан авчээ.
Шалгалтыг АТГ-аас гадаад улс орнуудтай хамтран явуулсан байна.
Энэ талаар Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Р.Баярмагнай “Төрийн өмчит үйлдвэрийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болох Д, Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож, албан тушаалаа урвуулан ашиглах байдлаар оффшор бүсэд компани үүсгэж, байгуулсан. Улмаар тухайн аж ахуй нэгжээрээ төрийн өмчит үйлдвэрийн газарт бараа нийлүүлэх ажлыг тогтмол авах байдлаар хууль бус аргаар ашиг олсон нь тогтоогдсон.
Шалгалтын явцад Г нь Лондон хотын төвд 1 сая 100 мянган фунт стерлинг буюу 4.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц худалдан авч хууль бус хөрөнгөө угаасан болохыг тогтоосон. АТГ-аас уг хөрөнгийг эх орондоо буцаан авчрах зорилгоор гадаад хамтын ажиллагааг зохион байгуулж энэ оны есдүгээр сарын 16-ны өдөр 4.3 тэрбум төгрөгийг Төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгүүлж, хулгайлагдсан хөрөнгийг эх орондоо авч ирж чадсан” гэв.