Нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны 42 байгууллага 600 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг байна. Үүнээс үйл ажиллагааны эрх олгох чиглэлээр нийт 97 үйлчилгээ байдаг аж. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас дүүргүүдээс үзүүлдэг хамгийн өндөр эрэлттэй үйлчилгээ болох иргэн, аж ахуйн нэгж байгууллагад худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий 55 нэр төрлийн үйлчилгээг цахимаар олгохоор төлөвлөжээ.
Эдгээр 55 төрлийн үйлчилгээг уламжлалт хэлбэрээр авахын тулд 7-12 төрлийн цаасан бичиг баримт, дөрвөн төрлийн гэрээ, 20 гаруй албан тушаалтны гарын үсэг цуглуулдаг байна. Тэгвэл дээрх олон шат дамжлага, бүрдэл материал бүхий зөвшөөрлийн хүсэлтийг цахимд шилжүүлснээр 4-6 төрлийн баримт, 1-2 гэрээг цахимаар бүрдүүлдэг байхаар зохицуулжээ.