Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн оёдлын үйлдвэрийн бүтээгдэхүүнд Стандартчлал хэмжил зүйн газраас стандарт, чанарын Тохирлын гэрчилгээ олголоо.
Үйлдвэрийг төлөөлөн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Ц.Хишигбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар ангийн үйлдвэр эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа Ц.Цэвээндаш нар гэрчилгээг гардаж авав.
Тус үйлдвэр одоогийн байдлаар оёдлын машин 53, тусгай зориулалтын машин 22, уурын индүү 5, хатгамалын хоёр машинтай үйл ажиллагаа явуулж байна. Жилд дунджаар 80-90 мянган ширхэг чанар стандарт хангасан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг бөгөөд 80-100 хүний ажлын байрыг бий болгожээ.
Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар ангийн үйлдвэр эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа Ц.Цэвээндаш “Манай үйлдвэр чанарыг эрхэм зорилгоо болгон, удирдлагууд болон ажилчид сэтгэлээ нэгтгэн ажилладаг. Стандартчилал хэмжил зүйн газрын тохирлын гэрчилгээ олгодог стандартыг хангахыг зорьж ажилласан бөгөөд өнөөдөр ийнхүү гэрчилгээгээ авч байгаадаа баяртай байна. Бидний хувьд үйлдвэрээ гадна, дотногүй дулаалж, бүрэн засвар үйлчилгээ хийж, тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлыг ерөнхий газрын тусламжтайгаар нэмэгдүүлсэн. Ийнхүү чанарыг эрхэм болгож, хүн бүр хичээж ажилласны хүчинд тохирлын гэрчилгээг авлаа. Үйлдвэрийнхээ ажилчдын өмнөөс баяртай байна. Манай хорих анги эмэгтэй хоригдолтой. Хоригдлууд гэхээр чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг мэт буруу ойлголт нийгэмд байх шиг санагддаг. Энэ ойлголтыг манай ажилчид эвдэж, тохирлын гэрчилгээ авлаа.
Түүнчлэн орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа. Уг ойд барьж буй бидний том бэлэг энэ боллоо” хэмээн ярилаа.
407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн оёдлын үйлдвэр нь ШШГЕГ-ын хэмжээнд цэргийн болон хээрийн дүрэмт хувцас, төрөл бүрийн хатгамал, мөрдөс, таних тэмдэг, ял эдэлж буй нийт хоригдлуудын өвөл, зуны хувцас, ажлын хувцас, хөнжил, цагаан хэрэгсэл, дотуур өмд, цамц үйлдвэрлэдэг. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй гэрээ байгуулж гэрийн хөшиг, бүрээс, өрх, эсгий, дээвэр туурга, ширдэг, олбог, ажлын хувцас, машины хучлага, суудлын бүрээс, үндэсний дээл, хүрэм хантааз гэх мэт гар урлалын төрөл бүрийн бүтээгдэхүүнийг захиалгаар хийж гүйцэтгэдэг байна.
Үйлдвэрийн түүхийг харвал 1974 онд анх модон хайрцаг, сав хийх чиглэлтэйгээр байгуулагдаж, өдгөө төрөл бүрийн ажлын болон өдөр тутмын хувцас хийх үйлдвэр болтлоо хөгжжээ.