“Цэнхэр алт-Ногоон хэрэм” сэдвийн хүрээнд болж буй Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үндэсний VII чуулганд Усны агентлаг, Мянганы сорилын сан, Усны үндэсний ассоциаци, Экологийн цагдаагийн алба, БОАЖЯ албаны төлөөлөл оролцож байна. Үндэсний чуулганаар Монгол орны усны, байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж буй. Түүнчлэн төрийн болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн байгаль орчны нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаар олон талын оролцоотой дүгнэлт, зөвлөмж гаргаж, УИХ, Засгийн газарт өргөн барих ажээ.
“Байгаль орчны хууль журмын эсрэг гэмт хэргийн төрлүүд ба урьдчилан сэргийлэх” сэдвээр илтгэл тавьсан Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг “Экологийн цагдаа бол экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, зөрчилтэй тэмцэхээр ажилладаг алба. Байгаль орчноо хамгаалах нь маш том үүрэг хариуцлага. Бид жил бүр эх дэлхийгээ хамгаалах аяныг өргөн хүрээнд явуулдаг. Үүнд, “Ногоон дуу хоолой”, “Хогоор бүү хорло”, “Алдвал галдана” зэрэг олон нийтэд нөлөөлөх аяныг дурдаж болно. Мөн экологид тулгамдаж буй асуудлын талаар холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, дүн шинжилгээ хийн зарим асуудлын хор хөнөөлийг судалсны үр дүнд олон нийтэд мэдээлэл түгээдэг. Байгаль сүйтгэсэнтэй холбоотой хэрэг, зөрчил жилд дунджаар 400-500 орчим бүртгэгдэхийн зэрэгцээ хог хаягдлын хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж байна. Жишээ нь, хүүхдийн живх гэхэд 100-200 жил задардаггүй, хуруу зай маш өргөн хэмжээнд ус, хөрсийг бохирдуулдаг гээд бодохоор жижиг асуудлаас болж байгаль дэлхий сүйдэх аюул дагуулж байгаа юм. Тиймээс том, жижиг гэлтгүй бүхий л асуудалд эерэг үр дүн гаргахыг хичээн ажиллана. Мөн бид байгаль орчноо хамгаалах үйл ажиллагаа явуулдаг бүх ТББ-тай хамтарч ажиллахад нээлттэй байдаг “гэлээ.