Энэ жил 13.3 мянган тонн мах нөөцлөхөөр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан гэдгийг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш хэллээ. Өмнөх долоо хоногийн мягмар гарагийн мэдээгээр 7400 тонн мах агуулахад хадгалж байна. Нийт бэлтгэж буй махны 30 хувь нь үхэр, 60 хувь нь хонь, 10 хувь нь ямааны мах байгаа аж.
Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан агуулахад хадгалж байгаа махны дүн мэдээг долоо хоног бүр тогтмол авч, хөндлөнгийн аудиторууд шалгалт хийж, дүнг нэгтгэн гаргаж байна.
Түүнчлэн зөвхөн нөөцийн мах төдийгүй зах зээлд борлуулж байгаа маханд мал эмнэлгийн тогтолцоогоор гарал үүслийн баталгаажуулалт байнга мөрдөгддөг. Үүний дагуу өвчлөл бүхий аймгийн малд вакцин тарьсан эсэхээс хамаараад гарал үүслийн бичгээр зохицуулалт хийж байна. Өөрөөр хэлбэл, тухайн бүс нутаг өвчлөлтэй, вакцин хийсэн бол мал, маханд авахгүй гэсэн үг.