Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур 33”, “Морин хуур 34” наадмын эхний шатны шалгаруулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадмын шүүгчээр яруу найрагч П.Нямлхагва, СУИС-ийн багш Цэн.Эрдэнэбат, Монгол Улсын консерваторийн Хөгжмийн ухаан, дуулаачийн сургуулийн захирал, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран нар ажиллаж байна. Наадмын шилдэг бүтээлүүдэд шагнал гардуулах ёслол болон нэгдсэн тоглолт Төв аймгийн Монгол туургатан театрт энэ сарын 12-нд болно. Хөгжмийн зохиолч, ая зохиогчдын уран бүтээлийн шилдгийг тодруулдаг “Морин хуур” наадам нь мэргэжлийн болон нийтийн, эстрад дууны гэсэн гурван төрөлд шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг юм.
Монгол үндэстний дууны уран бүтээлийн урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэн уран бүтээлчдийг алдаршуулах, оны шилдэг дууг шалгаруулах зорилготой “Морин хуур” наадам цар тахлын улмаас өнжиж энэ жил хоёр жилийн шилдгүүдийг шалгаруулж буй юм. “Морин хуур 33”, “Морин хуур 34” наадмын шилдгээр шалгарч, сүүлийн шатанд тунаж үлдсэн бүтээлүүдийг танилцуулъя.