“Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” хөтөлбөрт оролцох эхний 428 хүүхэд шалгарчээ.
Энэ талаар болон шалгаруулалтын явц, журмын тухай Боловсрол, шинжлэх ухааны яам болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг хүүхдийг шалгаруулж, дэлхийн их, дээд сургуулиудад суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит 21 дүгээр зууны Монголын ирээдүй 2100 хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.
Боловсролын зээлийн сангаас уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам батлагдсан. Журмын хүрээнд энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүүхдүүдийг сонгон шалгаруулж байгаа. Өнөөдрийн байдлаар 428 хүүхдийг шалгаруулан, олон нийтэд зарлаж байна.
Журамд зааснаар
- харьяа сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурван жилээс багагүй хугацаанд суралцсан,
- математик болон гадаад хэлний хичээлийн шалгалтын дундаж оноогоор тэргүүлсэн хүүхэд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлоо биелүүлсэн гэсэн үг.
Хөтөлбөрт тэнцсэн хүүхдүүд төрийн өмчийн их, дээд сургуулиудад БШУЯ баталсан хэлний бэлтгэлд нэг жилийн турш хамрагдан, шалгалтаа өгч, эрэмбэлэгдсэнээр дэлхийн их дээд сургуульд суралцах боломж нь нээгдэнэ. Гэхдээ ямар нэг хүүхэд үлдэж хоцрохгүй” гэлээ.
Засгийн газар хоорондын тэтгэлгээр жил бүр 1,200 хүүхэд сурдаг байна. Үүний 1,100 орчим нь нийслэлийн сурагчид аж.
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал “Хүүхдүүдийг шалгаруулахдаа Боловсролын үнэлгээний төвийн системээс автоматаар гарган авч байгаа. Энэхүү мэдээллээ аймаг, нийслэлийн Боловсролын газартай тулган баталгаажуулсан. Ингэснээр эхний 428 хүүхдийг баталгаажуулан, олон нийтэд танилцуулахад бэлэн боллоо.
Хүүхдүүд сайн дурын үндсэн дээр хөтөлбөрт хамрагдах бөгөөд цахим бүртгэл өнөөдөр эхэлж байгаа” гэсэн юм.
Мөн хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэг бий аж. Тухайн ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл багтжээ.
Бүртгэлийг 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 08:30 цагаас арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн 11:59 цаг хүртэл shorturl.at/uwD79 цахим холбоосоор хүлээн авах юм.