Энэтхэгийн армийн тус улсын зүүн хэсгийн Нагаланд мужид явуулсан тусгай ажиллагааны үеэр алдаа гарч 14 хүн амиа алджээ. Тэдний 13 нь энгийн иргэн байсан гэж Армийн 3-р корпусын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
“Босогчдын хөдөлгөөний талаарх найдвартай мэдээлэлд үндэслэн Нагаланд мужийн Тиру дүүрэгт ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан. Энэ хэрэг явдал болон түүний үр дагаварт гүнээ харамсаж байна. Хүмүүс амиа алдсан шалтгааныг анхааралтай нягталж, хуулийн дагуу зохих арга хэмжээг авна” гэж корпумын мэдэгдэлд дурджээ.
Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр, тусгай ажиллаагааг Энэтхэгт үйл ажиллагаа явуулахыг хориглосон Нагаланд дахь Үндэсний социалист зөвлөлийн гишүүдэд зориулан явуулж, тэднийг отож байжээ. Энэ үеэр армийн албан хаагчид орон нутгийн нүүрсний уурхайн ажилчдын ажлаа тараад буцаж явсан машиныг андуурч гал нээсэн байна.
Армийн хэвлэлийн төлөөлөгч The Hindu сэтгүүлд хэлэхдээ, энгийн иргэд эрэн сурвалжлагдаж байсан машинтай төстэй машинтай зорчиж байсан бөгөөд тэднийг зогсоохыг хүсэхэд шаардлага биелүүлээгүй гэжээ.
Буудлагын улмаас зургаан хүн амиа алджээ. Армийн удирдлагууд цагдаа нарыг ирэхийг хүлээж байтал нутгийн иргэд цугларч, тэдэн рүү дайрсан байна. Мөргөлдөөний үеэр нэг цэрэг амь үрэгдэж, гурван цэрэг шархадсан байна. Цэргийнхэн өөрийгөө хамгаалах зорилгоор гал нээсний дараа дахин долоон энгийн иргэн амиа алдсан гэж армийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Нагаландын удирдлагууд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, хэргийг дээд түвшний комисс мөрдөн шалгахаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: RIA