Нийслэлийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, ослын дуудлагын 20 орчим хувийг өндрөөс аврах ажиллагааны дуудлага эзэлж байгаагаас дийлэнхи хувийг амиа хорлох оролдлого, цахилгаан шатанд гацах болон гэртээ түгжигдсэн дуудлага эзэлдэг байна.
Өндөр барилга, байгууламжаас олсоор аврах ажиллагааг зохион байгуулахад тухайн барилга байгууламжийн дотор хийц бүтэц болох цонх, хаалганаас хамгаалалтын бэхэлгээ авахад хүндрэлтэй, аврах ажиллагаанд 2-оос дээш аврагч хамгаалалтанд үүрэг гүйцэтгэх шаардлага гардаг нь аврах ажиллагааг тактикийн алдаа дутагдалгүй явуулахад хугацаа их шаарддаг.
Тиймээс НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн аврагчид нэгдсэн менежментийн тогтолцоо бүрдүүлэх, олон улсын ISO стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнтэй холбогдуулан өндөр барилга байгууламжаас олс ашиглан аврах ажиллагаа явуулах үед ашиглагдах цонх хаалганы хамгаалалтын бэхэлгээний багажийг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан шинээр хийлээ.
Алба хаагчид гурван сарын хугацаанд өдөр тутмын дасгал сургууль хийхдээ олс, багаж шалгах зэргээр ачаа зүүж ашигласан бөгөөд туршилтаар тухайн багажны хийц бүтээцэд ямар нэгэн цууралт, гулзайлт зэрэг өөрчлөлт гараагүй байна.
Цаашид тус багажийг илүү боловсронгуй болгох, мэргэжлийн байгууллагаар ашиглаж болох талаар дүгнэлт, зөвлөмж авах, аврах ажиллагаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Тус багажийг БНСУ-д үйлдвэрлэгдэж стандартын байгууллагаар баталгаажсан “ТАSO” брэндийн ган турба /400-450МРа/ барилгын тулаасыг ашиглаж хийсэн. Марк V2, үндсэн урт 1,2 м, тулах урт 1.2-2м, 15 кг жинтэй юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.