“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн, орлогч Д.Үүрийнтуяа нар Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод ажиллаад ирсэн бөгөөд тэндээс 240 сая ам.доллар буюу 683 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тус үйлдвэрийн зүгээс “Үндэслэлгүй худал мэдээлэл” гэсэн байна.
Харин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тодруулахад, “”Ковидын үеийн хүндрэлийг даван гарахын тулд “Эрдэнэт үйлдвэр”-ээс 1.2 их наяд орчим төгрөгийг гаргасан. Энэ санхүүжилт нь үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлөөгүй хэдий ч томоохон ажлуудаа шийдэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байгаа. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр” зэсийн баяжмал экспортолдог трейдер компаниудаараа дамжуулан гаднаас бага хүүтэй хөгжлийн зээл авах хүсэлт ТӨБЗГ-т тавьж, холбогдох зөвшөөрлөө авсан нь үнэн.
Зээлийн мөнгө шууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд орж ирэхгүй. Хэрэгцээтэй үедээ татах байдлаар зээлийн гэрээ хийгдэх процесс үргэлжилж байна. Зээлийн хэлбэр нь, трейдер компаниар дамжуулан зэсийн баяжмалын экспортоо гэрээ хийгдсэн өдрийн ханшаар урьдчилан арилжих байдлаар явагдах юм. Зээлийн хугацаа дөрвөн жил байна. Одоогоор хүүг нарийвчлан тогтоогүй. Гэрээ хийгдэх процесс үргэлжилж байгаа. Уг зээл нь барьцаагүй, хөгжлийн санхүүжилт хэлбэрээр олгогдох юм” гэлээ.