Тэргүүн хатагтайгүй наадмын сониноос

BATTULGA 2017

Найман жил дараалан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмыг нээсэн. Энэ жил наадамчдын хувьд хүлээлт үүссэн, гойд сонирхон хүлээсэн агшин бол Үндэсний их баяр наадмын нээхээр Цэнгэлдэх хүрээлэнд ирж байгаа шинэ Ерөнхийлөгч байв. Нээлтийн өмнө Цэнгэлдэх хүрээлэнд хэвлэлийнхэн болон гэрэл зурагчид хэдийнэ очиж, гадна дотногүй байраа эзэлж шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээж байсан гэхэд болно.

Урд өдөр нь Ерөнхийлөгчийн тангараг өргөж, дуран авайд бишгүй буусан Х.Баттулгад маргааш нь дахин анхаарал тавихын учир нь түүнийг Тэргүүн хатагтайг хөтлөөд ирэх болов уу гэсэн хүлээлтэд байсан гэж хэлэхэд болно. Гэвч Ерөнхийлөгч гэргий болох хүнээ дагуулж ирсэнгүй. Түүнийг харин бараг арваад хамгаалагч дагалджээ.

Төрийн тэргүүнээ гэргийтэйгээ зэрэгцэн суугаад наадамлаж байхыг мэдэх Монгол түмэн ийнхүү анх удаа тэргүүн хатагтайгүй наадамласан нь энэ удаагийн наадмын хамгийн хачин үзэгдэлд тооцогдож байна. Энэ янзаар бол тэргүүн хатагтай гэж хэлэгдэх эрхтэй тэр нэгэн эмэгтэй, Ерөнхийлөгчийн эхнэр болох бүсгүйн барааг монголчууд хэзээ ч олж харахгүй нь бололтой.

Н.Наранбаатарт баяр хүргэе

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн Ерөнхий найруулагч нь УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар. Наадмын нээлт Төв цэнгэлдэхэд цугларсан наадамчид болон нээлтийг телевизээр үзэж суусан ард олны сэтгэлд хүрчээ. Олон нийтийн сүлжээгээр Н.Наранбаатарт баяр хүргэсэн, талархсан мессежүүд хэсэгтээ нисч, өнгөрсөн онд анх удаа Үндэсний их баяр наадмын нээлтийг найруулсан уран бүтээлчийг урамшуулж байлаа.

Хурдан хүлгийн гуравны хоёрыг эзлэх эрлийз морьд

Бороо хур татруухан зуны Хүй долоон худаг наадамчдын хөлд дарагдаад тоос шороо ихтэйдүү байлаа. Албаныхан шороо дарахаар ус шүршигч машин авчирсан хэдий ч хурдны морины уралдаанаа үзэхээр яарсан наадамчдын хэрэн хэсэх том талбайг усалж яахан дөнгөх билээ.

Хүй долоон худагт энэ жилийн наадмын бас нэг сонин мэдээлэл цугларсан гэхэд болно. Энэ бол “Энэ жилийн Үндэсний их баяр наадмаас эхлэн эрлийз морийг хурдны морины уралдаанаас хасна” гэсэн Шадар сайд У.Хүрэлсүхийн шийдвэртэй холбоотой асуудал байв. Шийдвэр хэрэгжиж эрлийз морьд уралдаанаас хасагддагаараа хасагдав.

Хязаалан насны 304 хурдан хүлэг бүргүүлэхэд 151 нь хасагдсан бол шүдлэн насны 254 хурдан үрээний 195 нь эрлийз хэмээн хасагдаж  59 уралдах эрх авчээ. Түүнчлэн их насны 303 хүлгээс 252 нь уралдсан, 253 соёолонгоос 128 нь үүлдэрийн шалгалтанд тэнцсэн, бүртгүүлсэн 282 дааганы 71 нь гараанаас гарсан. Азарганы уралдааны эхний дөрөвт хуралдсан морьдыг Морины комисс эрлийз учраас байлаагүй. Ийнхүү хурдан хүлгийн зургаан насны ангилалаас асар олон морьд хасагдлаа.

Дээрх тоо улсын баяр наадмын хурдан морины уралдааны гол дүр газар газрын алдар цуутай шандаст хүлгүүд эрлийз моринд орон зайгаа тавьж өгснийг харуулах аж. Монгол наадамд тэжээлээр бордуулж, тариа дуслаар тэнхэрдэг эрлийз морьд эзэн суусан байгааг харуулав. Нөгөө талаар 300-500 гаруй хүлэг уралддаг байсан улсын наадмын цар хүрээг ч хумихад хүргэсэн байгааг энэ удаагийн наадам “илчлэв”.

Д.ХАЛИУН