УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилохыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Монголын наадамд ардын хүүхэд түрүүлж болдоггүй, ноёны бөх заавал түрүүлдэг байсан зүйлийг сэргээж байгаа юм байна. Шүүхийн тухай хуулийн ажлын хэсэгт орж, шударга нийгэмд бидний үр хүүхэд амьдраасай гээд мөр зэрэгцэн ажилласан. Ганц нэг үг үсгийг тоогоогүй хаясан, би их гэнэн байгаа юм байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй гэж бид анх хуулийн концепц дээр ярьсан. Үүнийг хэн зассаныг мэдэхгүй.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр одоо ажиллаагүй гэдэг агуулгатай болгосон байна. Ингэж хуулийн үг, үсгийг өөрчилж хулгай хийдэг. Хуулийн үг, үсгийг өөрчлөх нь УИХ-ын гишүүний ажил биш, харин хуулийг зөв тогтоох. МАН дотор мөнгөтэй том бүлэглэл байгаа. Та нар энэ бүлэглэлээ дийлэхгүй байна. Д.Зүмбэрэллхамыг хувь хүнийх нь хувьд мэдэхгүй.
Гэхдээ Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан. Шүүхийн шинэчлэл хийгдэхгүй, Монгол Улсад шударга ёс тогтохгүй юм байна. Хууль байхгүй. Та нар захиалга биелүүлж байна. Хэний захиалга гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ ерөнхийдөө мөнгө үнэртэж байна.
Ингэвэл ШЕЗ-д итгэх итгэл надад алга. Та нар яагаад унасан хүнийг дахиж оруулж ирж байгаа юм бэ? Хуульд ийм агуулга байхгүй. Энэ хүн өөр заалтаар явж байна. Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрын үеэс бий болгосон хонгил, шударга бусыг нураахад тэр үед байсан хүмүүс нь буцаж орж болохгүй гэдэг ийм агуулгаар хийсэн хууль байхгүй юу. Одоо болъё. Хуулийн нэрээр хулгай хийж, өөрийнхөө захиалгын хүмүүсийг заавал зүтгүүлдгийг ойлголоо. Ард түмэн хараг. Шившигтэй байна. Би ажлын хэсэгт орж ажилладаг нь тэнэг юм” гэв.