Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2012 оноос мөрдөж байгаа Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмыг шинэчилжээ.
Уг журамд:
- Иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах хүсэлтээ хэрхэн цахимаар гаргах, хүсэлтийг хянан шийдвэрлэх, олгох, хяналт тавих;
- Төрд байгаа иргэний мэдээллийг үндэслэн үйлчилгээг үзүүлэх, арилжааны банк дахь дансаар дамжуулан шууд гүйлгээ хийх;
- Байнгын асаргаа шаардлагатай иргэний тэтгэмжийн хугацааг тогтооход эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан өвчин гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлтийг баримтлан асаргааны хугацааг тогтоох;
- Байнгын асаргаа шаардлагатай иргэдийн асаргаа сувилгааг сайжруулах, эрүүл мэнд, бусад эрх ашгийг хамгаалах зорилгоор асарч байгаа иргэний хариуцлагыг нэмэгдүүлэх;
- Хуульд заасны дагуу захиргааны мэдээлэл болон асуулгын арга хослуулсан аргачлалын дагуу өрхийн амьжиргааны түвшний үнэлгээнд үндэслэн тэтгэвэр, тэтгэмж олгох зохицуулалтыг тусгасан байна.
Ажилгүйдлийн даатгалын сангаас сургалтад хамрагдах нэг даатгуулагчид олгох зардлын дээд хэмжээг 150,000 төгрөгөөр тогтоожээ.
Мөн “Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопед, тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ”-ийг шинэчилсэн байна.
Жишиг үнийн жагсаалтад оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэл засал, харилцаа, мэдрэхүйг хөгжүүлэх туслах хэрэглэгдэхүүн болон стресс тайлах хэрэгслүүд, бүрэн хараагүй, сонсголгүй хүний хамгийн түгээмэл хэрэглэгддэг харилцаа холбооны туслах хэрэгсэл ухаалаг гар утас, бионик эрхтний сэлбэг, засвар үйлчилгээ гэсэн төрлүүдийг шинээр оруулжээ.
ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн мэдээлснээр зөвхөн дотоодын протезын үйлдвэрлэл гэх хязгаарлалтыг цуцалсан байна.