БНСУ-ын дунд сургуулийн 4 охид доод ангийнхаа 13 настай монгол охиныг 6 цагийн турш зодож доромжилсон хэрэг өнгөрсөн 7 сард гарчээ.
Охины гар хөлийг скочоор хүлэн зодож духан дээр нь улаанаар хараалын үг бичиж, архи хүчээр уулган дотуур хувцастай байгаа үед нь бичлэг хийн түүнийгээ 5000 воноор зарсан байна.
Зодуулсныхаа дараа охиныг сургууль дээрээ очиход охины таньдаг дээд ангийн хөвгүүд бичлэг тараагдаж байгаа талаар хэлсэн байна. Охин одоогоор сэтгэл санааны хямралд орж хичээлдээ явахгүй байгаа гэнэ.
Хохирогч охин MBC news-д өгсөн ярилцлагадаа “Ингэж зодуулж байхаар үхчих юмсан” гэж бодсон гээд хэдийгээр би гэртээ ирсэн ч биед халдсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж эхэлсэн. Гэмт этгээдүүд сургуульдаа хэвийн явдаг ч би ердийн амьдралдаа эргэж орж чадахгүй байгаа” гэжээ.
Бичлэгийг илрүүлсний дараагаар цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг өнгөрсөн аравдугаар сард прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор тэдгээр 4 охины хоёрт нь ял төлөвлөөд байгаа ч 2 охиныг насанд хүрээгүй гэх шалтгаанаар шийтгэх боломжгүй юм байна. Солонгост 14 нас хүрээгүй тохиолдолд өсвөр насны хүүхэд гэсэн үндэслэлээр ямар ч ял шийтгэл оноох боломжгүй байдаг аж.
Мөн Солонгос хүмүүс ч энэ хэрэг дээр маш их эмзэглэж дээрэлхсэн дээд ангийн сурагч охидод зохих ёсны арга хэмжээ авахыг хүсэж байгаа гэнэ.
Өмнө нь мөн үүнтэй адил хэрэг гарч байсан бөгөөд харамсалтай нь хохирогч болох орос хөвгүүн амиа алдсан. Тухайн үед солонгосын иргэд мөн л гэмт хэрэгтнүүдийг насанд хүрээгүй гэх шалтгаанаар ял завшуулахгүй байхыг хүсэж зохих шийтгэлийг оногдуулахыг шаардаж байсан юм.