Сурвалжласан: Л.ДӨЛГӨӨН
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш 2021” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээнд 16 аймгийн 200 гаруй иргэн, 20 аж ахуйн нэгж мах махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, цагаан идээтэй ирж борлуулалт хийж байна. Үзэсгэлэн худалдаан дээр зарагдаж буй мах үнийн хувьд
- үхэр 9,000-9,500
- адуу 7,500-8,000
- хонь 7,500-8,000
- ямаа 6,300-6,500 төгрөг байна.
Төв цэнгэлдэхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгаас гарал үүсэлтэй, эрүүл ахуйн шинжилгээ хийгдсэн махыг худалдааж, хүнсний зах болон худалдааны төвүүдэд нийлүүлж байна.
Үзэсгэлэн худалдааг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, орон нутгийн удирдлага болон аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газрууд хамтран 11 сарын 25-наас 12 дугаар сарын 2-ныг дуустал зохион байгуулахаар төлөвлөж байсан ч өнөөдөр Засгийн газраас хугацааг нь энэ сарын 20-ныг дуустал үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.
Үзэсгэлэн худалдаанд оролцож, мах махан бүтээгдэхүүн борлуулж байгаа иргэдийн яриаг хүргэе.
Хүн ам олонтой болохоор бараагаа түргэн хугацаанд борлуулж чадаж байна
Архангай аймгийн Цахир сумын иргэн н.Амгалан:
-Та нутгаасаа ямар төрлийн бүтээгдэхүүн борлуулахаар ирсэн ирсэн бэ?
-Би цагаан идээ болон махтай ирсэн. Өнөөдрийн хувьд гэвэл махаа борлуулаад дуусчихсан учраас цагаан идээгээ зарж байна.
-Хэр их хэмжээний махтай ирсэн бэ?
-Тонн арай хүрэхгүй махтай ирсэн
-Таны зарж байгаа цагаан идээ ямар онцлогтой байна. Үнэ ханшийн хувьд ямар байгаа вэ?
-Манай цагаан идээнүүд элдэв хольцгүй цэвэр бүтээгдэхүүн, өөрийнхөө гараар хийсэн гэдгээгээ онцлогтой. Үнийн хувьд, тийм ч үнэтэй биш аль болох болмжийн байлгахыг хичээсэн. Ааруул 22-24 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна.
-Бүтээгдэхүүнээ орон нутаг борлуулах нь ашигтай байна уу, хотод борлуулах ашигтай байна уу?
-Хөдөө орон нутаг хязгаарлагдмал хүрээтэй. Тэгээд ч хүмүүс цагаан идээ, идэшний махаа өөрсдөө бэлдчихсэн учраас хотод борлуулсан нь илүү дээр байна. Хүн ам олонтой болохоор бараагаа түргэн хугацаанд борлуулж чадаж байна.
Ахмадуудын маань тэтгэвэрийн мөнгө нь хүрэлцэхгүйд жаахан бухимдалтай байх шиг байна
“Завхан хүнс” компанийн Борлуулалтын албаны мэргэжилтэн н.Баяраа:
-Танай компани энэ удаагийн үзэсгэлэн дээр ямар бүтээгдэхүүн борлуулж байгаа вэ?
-Манай “Завхан хүнс” групп сүүлийн 10 жилд үйлдвэрээ сайжруулаад Германы технологийг ашиглаж байна. Энэ жилийн хувьд онцлогтой, бид нийгмийн харицлагын хүрээнд эрүүл бүсээс авсан мах, эрүүл хүнсийг гарал үүслийн баталгаатай, сав, баглаа, боодолтой болгож иргэддээ хүргэхээр авчирсан. Манайх орон нутагт үйл ажиллагаа явуулдаг учраас махаа аймаг, сум цаашлаад ямар малчинаас авсан бэ гэдгээ хүртэл мэднэ.
Үнийн хувьд, хонины мах 9800 төгрөгөөр худалдаалагдаж байна. Бөөнөөр буюу гулуузаар нь авах хүмүүст 8000 төгрөгөөр зарж байгаа.
-Хүмүүсийн худалдан авах чадвар ямар байх шиг байна?
-Настай хүмүүс маань гарал үүсэл нь баталгаатай, эрүүл ахуйн шаарлага хангасан мах авч байгаадаа нэг талаараа баяртай байгаа ч нөгөө талдаа үнийн хувьд үнэтэй байна гэж шүүмжлэлтэй хандаж байна. Ерөнхийдөө нэгд, бензиний үнэ өссөн. Хоёрт бид 1000 км-ын цаанаас Завханаас ирж байгаа шүү гэдгийг бас ойлгуулъя. Ахмадуудын маань тэтгэвэрийн мөнгө нь хүрэлцэхгүйд жаахан бухимдалтай байх шиг байна. Харин залуусын хувьд шууд худалдан авч байна.
-Та нийт хичнээн тонн махтай ирсэн бэ, одоо хэдэн хувийг борлуулаад байна?
-Нийтдээ дөрвөн тонн махыг борлуулсан. Үхрийн мах ирээд шууд худалдаалагдаад дуусч байна. Хонины махны хувьд 160 гаруй гулууз мах борлуулагдсан. Мөн үйлдвэрийн аргаар савласан 160 хайрцагтай мах ирээд маш хурдан зарагдсан.
Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа “Өвлийн идэш 2021” үзэсгэлэн худалдаа
“Өвлийн идэш 2021” худалдаа
“Өвлийн идэш 2021” худалдаа
Архангай аймгийн ЖДҮ-чдийн даршилсан ногоо
Махны худалдааны зах дээр дотоодын чацаргана, нэрс болон Киргиз сармис зарагдаж байна
Орон нутагт боловсруулсан цагаан идээний мухлаг
Булган аймгийн Сайхан сумын айраг, 1 литр нь 7000 төгрөгийн үнэтэй байна
Үйлдвэрлэлийн аргаар савласан мах махан бүтээгдэхүүн
Худалдаж авсан махыг 1 кг-ыг нь 100 төгрөгөөр машиндан үйлчилж байна
Эх орны хөрсөнд ургадаг эмийн ургамалыг худалдаалж байна
Жимс жимсгэнэ, даршилсан ногоо
Архангай аймгийн нэрстэй ааруул
Архангай аймагт үйлдвэрлэгдсэн нэрстэй иштэй чихэр
Давирхайтай тос, Барагшуун, Тэмээний чөмөгний тос худалдаалагдаж байна
Цацарганатай лууван
Чацарганы өтгөрүүлсэн сок