Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Б.Бадраа болон түүний хамаарал бүхий этгээдүүдийг Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар авсан, түүнийгээ гаднын иргэдэд өндөр үнээр худалдсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
Уг хэрэгтэй холбогдуулан арваннэгдүгээр сарын 29-нд Б.Бадраагийн хүү Б.Наранболдын гэрт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө, юань, үнэт эдлэл, хууль бусаар хадгалж байсан галт зэвсэг, сумыг эд мөрийн баримтаар хураан авсныг эх сурвалж мэдээллээ. Улмаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Б.Наранболдыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Мөн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нарын албан тушаалтнуудыг шалгаж, гэрт нь болон ЗДТГ-ын албан өрөөнүүдэд нь нэгжлэг хийн бэлнээр 300 гаруй сая төгрөг, их хэмжээний валют хураан авсан байна.