Өнөөдөр Дархлалын олдмол хомсдол буюу “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна.
ХДХВ-ээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 1988 онд ДЭМБ болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ДОХ-той тэмцэх өдөр болгон дэлхий даяар тэмдэглэсээр ирсэн билээ.
Энэхүү өдөр нь олон улсын эрүүл мэндийн хамгийн чухал өдрүүдийн нэг болж, эл өвчний улмаас нас барсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх, эмчилгээ, урьдчилан сэргийлэх хүртээмжийг өргөжүүлэх зэрэг ололт амжилтыг тэмдэглэх гол боломж болдгоороо онцлогтой.
1981.06.05-нд АНУ-ын Өвчний хяналтын төв шинэ өвчин болох ДОХ /Дархлалын олдмол хомсдол/ өвчнийг бүртгэсэн байдаг.
ДОХ-той тэмцэх өдрийг анх 1988.12.01-нд дэлхийн бүх улс орны Эрүүл Мэндийн сайд нарын уулзалтаар ХДХВ/ДОХ-ын талаарх мэдээллийг түгээх, нийгэмд тэвчээртэй хандахыг уриалсны дараа тэмдэглэн өнгөрүүлж байжээ.
Өнөөдөр дэлхий даяар 37,7 сая хүн ХДХВ-ийн халдвартай байгаа бөгөөд тэдний дөрөвний нэг нь халдвартай гэдгээ мэддэггүй гэсэн тооцоо судалгаа бий.
Монгол Улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн. Үүнээс хойш ДОХ-ын 316 тохиолдол бүртгэгдэж 52 хүн нас баржээ. Харин 2021 он гарсаар таван тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна.
ДОХ-ын эсрэг тэмцлийн бэлгэ тэмдэг бол “Улаан тууз”. “Улаан тууз”-гүйгээр ДОХ-той холбоотой нэг ч арга хэмжээ хийгдэж байгаагүй юм. “Улаан тууз”-ыг 1991 оны хавар ДОХ-ын тухай ойлголтын бэлгэдэл болгон бүтээжээ. Түүний санааг зураач Фрэнк Мур эзэмшдэг. Тэрбээр Нью-Йорк мужийн нэгэн хотод амьдардаг байсан бөгөөд түүний хөрш айл нь цэрэгт явсан охиноо Персийн булангаас эсэн мэнд буцаж ирнэ гэж найдан хүлээхдээ шар тууз зүүгээд хүлээж байснаас санаа авсан гэгддэг.
ХДХВ-ИЙН ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ
- Бэлгийн замаар буюу ХДХВ/ДОХ-той хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох
- Цусаар буюу халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх
- ХДХВ-ийн халдвартай эхээс урагт, хөхний сүүгээр дамжин халдварладаг.
ХДХВ-ИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ АРГУУД
- Хосууд бие биедээ үнэнч байх
- Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах, тэвчих
- Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх
- Зүү тариурыг дамжуулан хэрэглэхгүй байх гэх мэтээр урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд энэ нь хувь хүний зохион байгуулалт, эрүүл мэндийн зохистой мэдлэгээс хамаарах нь мэдээж.
ДОХ нь одоогоор бүрэн эмчлэгдэх аргагүй, үхэлд хүргэдэг өвчин. Гэхдээ ДОХ-оос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
(Эх сурвалж: UNAIDS)