УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаан дээр Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Монгол Улс 2021 оны тавдугаар сараас коронавирусын халдварын эсрэг дархлаажуулалтыг харилцан хүлээн зөвшөөрсөн зарим улс оронтой харилцан агаарын хилээ нээсэн хэдий ч олон улсын нислэгийг тогтворжуулах, хэвийн горимд шилжүүлэх нь цар тахлын нөхцөл байдал, гадаад улс орнуудын халдвар, хамгааллын горим, дархлаажуулалтын явцаас үүдэн удаашралтай байгааг танилцуулгын эхэнд тэмдэглэв.
Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны судалгаагаар 2020 он болон 2021 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд агаарын тээврийн салбар уналтад орсонтой холбоотой гадаад улс орнуудын Засгийн газар өөрийн орны агаарын тээврийн салбарыг дэмжих, сэргээх зорилгоор нийтдээ 243 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн байна.
Манай Засгийн газрын тухайд, 2020 оны “Агаарын тээврийн салбарт авах зарим арга хэмжээний тухай” 137 дугаар Засгийн газрын тогтоолоор олон улсын болон орон нутгийн чиглэлд хуваарьт нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн ИНЕГ-т төлөх навигацын хуримтлагдсан өглөг болох 2.2 тэрбум төгрөг, 2018 оны төрийн өмчийн ногдол ашгийн өглөг 7.3 тэрбум төгрөгийг чөлөөлүүлж, 2019 оны цэвэр ашгийн дүнгээс төрийн өмчийн ногдол ашиг хуваарилаагүй байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар МИАТ хувьцаат компанид мөнгөн дүнгээр 9.5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Засгийн газрын 2021 оны “Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай” 162 дугаар тогтоолоор цар тахлын улмаас уналтад орсон агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай хөгжүүлэх, агаарын харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэсэн гэж Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд мэдэгдлээ.
Түүнчлэн нислэгийн зардлын ихэнх хувийг эзэлдэг агаарын хөлгийн шатахууны үнийг төрийн зохицуулалттай бууруулах, шатахуун хангамжийн гидрант системийг ашиглах, зардлыг зохицуулах асуудлыг төрийн өмчийн “Эрчис Ойл” компанид хариуцуулан ажиллуулах бэлтгэлийг хангаж байгаа гэв. Өнөөгийн байдлаар шатахуун хангамж, байгууламжийн ашиглалтыг ИНЕГ хариуцаж, 2021 оныг дуустал 1.8 тэрбум төгрөгийн алдагдалыг хариуцаж байгаа юм байна.
МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн Засгийн газрын нөөц сангийн алдангийн үлдэгдэл болох 989.7 сая төгрөгийн өглөг, ИНЕГ, түүний харьяа байгууллагуудад төлөх нисэх буудлын болон агаарын навигацын үйлчилгээний хураамжийн хуримтлагдсан өглөг болох 9.27 тэрбум төгрөгийг тус тус чөлөөлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.