-Хятадын шоронгоос оргосон хойд солонгос эрийг цагдаа нар 40 өдөр идэвхтэй хайсны эцэст барьж авчээ. Түүний мэдээлэл их хэмжээний шагнал амлаж байсан юм –
Хятадууд Жу Сяньзянь гэдэг нэр өгсөн (түүний хойд солонгос нэрийг нууцалжээ) 39 настай нэгэн эр 2013 онд БНАСАУ-аас зугтаж, удалгүй Хятадад хорих ялаар шийтгүүлжээ. Гэтэл тэрбээр шоронд байхдаа оргосон нь нийгмийн сүлжээгээр нэлээд дуулиан тарьсан аж.
Юуны түрүүнд Хятадын шоронгоос оргоно гэдэг маш ховор үзэгдэлд тооцогддог. Ажиглалтын камерт үлдсэн, Бээжин дэх төрийн мэдээллийн Beijing News агентлагаар цацагдсан бичлэгээр уг хоригдол аравдугаар сарын 19-нд шоронгийн саравч руу авирч, тэндээсээ үндсэн барилгын дээвэр дээр гарч, цахилгаан хүчдэл бүхий гаднах хашаан дээгүүр харайн зугтжээ.
Жу Сяньзянийг удаан хугацаанд хоригдсоныхоо дараа ч ийм сүрхий бие хаатай, хүч чадалтай байсанд олон хүн гайхсан байна. Бичлэг дээр хамгаалагчид түүний араас хөөгөөд ч гүйцээгүй нь харагджээ.
Түүнчлэн нийгэм даяар оргодлыг хэн болохыг сонирхжээ. Хятадын төрөөс түүний тухай мэдээлэлд шагнал амлаж, шагналынхаа тоог улам нэмсээр байв. Эцэст нь түүнийг барьж авах мэдээлэл өгсөн хүнд 109 мянган доллар өгнө гэжээ.
Хятадын төр засгийн мэдээллээс үзэхэд Сяньзянь нь зүгээр ч нэг оргодол биш гэнэ. Шүүх материал дээр түүнийг Хятадын нутаг дэвсгэрт нэвтэрсний дараа (БНХАУ, БНАСАУ-ын хилийг гол туулан давсан) ойролцоох тосгонд дээрэм тонуул хийсэн гэжээ. Түүнчлэн тэрбээр нэгэн настай эмэгтэйн гэрт нуугдаж байгаад баригдаж, тухайн эмэгтэйг хутгаар бүлсэн. Баривчлагдсаныхаа дараа хулгайлсан гар утас, хувцас, мөнгө биеэс нь гарч ирсэн гэжээ.
Хятадын нутаг дэвсгэрийг хууль бусаар нэвтэрсэн зэрэг гэмт хэргүүдийг нь нийлүүлбэл Сяньзянь 11 жилийн хорих ялтай байсан бөгөөд түүнээс нь 9-ийг нь биеэр эдэлсэн аж. Тэрбээр ялаа бүрэн эдэлж дууссаны дараа БНАСАУ руугаа хүчээр гарах ёстой байв. Олон хүн түүний оргосон нь эх орондоо буцахаас зайлсхийх гэсэн оролдлого гэж үзэж байна. Учир нь тэрбээр нутаг буцвал Хятадаас илүү хатуу шийтгэл, магадгүй цаазын ял ч сонсох эрсдэлтэй.
Хятад улс 1951 оны дүрвэгчдийн тухай конвенцид нэгдэн орж, эх орондоо буцвал амь насанд нь аюул учрах дүрвэгчдийг эх орон руу нь буцаахыг хориглосон боловч тус улсын төр засаг хойд солонгосчуудыг дүрвэгч биш хууль бус цагаас хэмээн үзэж, Пхеньян руу байнга буцаадаг байна.
2014 онд НҮБ-ын хүний эрхийн тусгай комисс БНАСАУ-ын төр засгийг иргэдийнхээ эрхийг нийтээр нь, системтэйгээр зөрчдөг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгажээ.
Эх сурвалж: BBC