Эрээн боомтоор чингэлэгт ачаагүй импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэрийн талаар Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд тайлбарлахдаа “Замын-Үүд, Эрээн боомтын хувьд төмөр замаар өдөрт 14 галт тэрэг өргөн царигаар Хятадын тал руу нэвтэрдэг. 6-7 галт тэрэг нарийн царигаар Монголд орж ирдэг. Эрээн хотын ардын засгийн ордон, Covid-19-тэй тэмцэх шуурхай штабаас цаашдаа Монголоос ирж буй төмөр замын бүхий л бараа бүтээгдэхүүнийг чингэлэг тээврээр авна гэсэн шийдвэр гаргажээ. Энэ тээврийн хүрээнд Эрээн хотын Covid-19-тэй тэмцэх шуурхай штабаас 81, 83 гэсэн хоёр мэдэгдэл гаргасан.
Ингэснээр арваннэгдүгээр сарын 27-ны 07:00 цагаас эхлэн Эрээн төмөр зам болон автозамын боомтоор модон материал, хуванцар эдлэл, төмөр болон барилгын материал, бага оврын тоног төхөөрөмжүүдийн импортыг түр зогсоож байна гэсэн. Энэ талаар бид Эрээний консулаас тодруулсан.
Хятадын талаас өгсөн мэдэгдэлд Манжуур боомтод хил дамнаж, халдварын тохиолдол илэрч, олон хүнд тархсан байна. Хөлөнбуйрт сүүлийн 24 цагийн байдлаар 20 шинэ тохиолдол нийт 57 тохиолдол бүртгэгджээ. Энэ халдвар төмөр замын ажилчдаар дамжиж илэрсэн юм байна. Ер нь Өвөрмонголын хэмжээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хатуу чанга авах ёстой гэж шийдвэр гарган, хилийн боомтуудын хяналт шалгалтын төлөвлөгөөг баталж, чангатгах 44 дүгээр албан бичиг гаргасан.
Арваннэгдүгээр сарын 28-ны 14:00 цагаас эхлэн төмөр замаар орж ирж буй төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нүүрс, жонш гэх мэт нунтаг задгай ачааг Эрээний өртөө хүлээж авахгүй гэсэн мэдэгдэл гараад байна. Цаашдаа Монгол-Хятадын хилийн Замын-Үүд, Эрээний төмөр замын боомтоор Монголын талаас гарах ачаа зөвхөн чингэлгээр гарна. Тэрнээс биш хил боомт хаагдсан гэсэн үг биш” гэлээ.