Дөрөвдүгээр тун нь дасгал хөдөлгөөн, соёл урлаг, эрүүл зөв хоололт, эмчийн зөвлөгөө, инээмсэглэл хайр юм…
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн хоёр жил дэлхий нийтээрээ уйтгар гунигтай амьдарлаа. Ам хаалттай, хөл хориотой, зайн харилцаатай, хүүхдээ ч үнсэхээс болгоомжилсон, хөндий хүйтэн уур амьсгалтай ажиллаж, амьдрах нь хүнийг сэтгэл гутралд оруулж, дархлаанд сөргөөр нөлөөлдгийг судлаачид ярих болсон.
Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын хувьд дархлаажуулалтын 1, 2 дугаар тунд хамгийн түрүүнд хамрагдсан. Улс орныхоо эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч яваа стратегийн чухал ач холбогдолтой үйлдвэрийн баялаг бүтээгч шүү дээ гэх ухамсар сэтгэлгээ ажилтан бүрд гүн бат төлөвшсөн учраас тэр. Одоо Ковидын эсрэг дархлаажуулалтын 3 дугаар тунд иргэдээ хэрхэн хамруулах тухай дөнгөж яригдаж байхад зууны манлай үйлдвэрийнхэн аль хэдийнээ 98 хувьтай хамрагдаж, бүр “Дархлаажуулалтын 4-р тун” аяныг эхлүүлчихсэн явна.
Өөрөөр хэлбэл хариуцлагын вакцин буюу “дархлаажуулалтын 4-р тун” гэдэг нь дасгал хөдөлгөөнөөр, соёл урлагаар, амин дэмтэй, шим тэжээлтэй хоол хүнсээр, амьдралын зөв хэмнэл, дадал хэвшлээр, бие биедээ үзүүлэх халамж, хайр хүндлэлээр бие, сэтгэлийн дархлаа сэргээх нөлөөллийн үйл ажиллагаа юм.
“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ нь уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл явуулах үндсэн үйл ажиллагаанаас гадна уурхайчдын нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудлыг хариуцсан, спорт, урлаг, эрүүл мэнд, боловсрол, нийтийн хоолны чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлэх бие даасан бүтэцтэй Монголын цорын ганц үйлдвэр. Энэ нь нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч байхад том нөлөө үзүүлдэг.
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх үйлдвэрийн газрынхаа энэ онцлог, давуу талд тулгуурлан, ажилчдынхаа дархлааг хамгаалах, сэргээх зорилгоор “Дархлаажуулалтын 4-р тун” аяныг эхлүүлсэн нь цаг үеэ олсон, цар тахлын үеийн уур амьсгалыг зөөллөсөн, хүн бүрийн сэтгэлд хүрсэн “сэргээш” болон түгж байна.
Энэхүү аяныг Нийгмийн харилцааны хэлтэс, түүний харьяа цехүүд, Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах албаны хүчээр өрнүүлсэн нь өнөөдөр 7,000 гаруй уурхайчдыг бүрэн хамарчээ.
Долоон өнгөнөөс солонго бүрддэг шиг “Дархлаажуулалтын 4 дүгээр тун” аян долоо хоног бүр өөр өөр өнгө аяс, хэмнэлээр баяжигдан үргэлжилсээр… Сар гаруйн өмнө Спорт цогцолборын хамт олон аяныг “Дархлаажуулалтын 4-р тун нь дасгал хөдөлгөөн юм” уриан дор эхлүүлж, нийт ажилчдыг ажлын байрны хөгжимт дасгалд уриалсан нь өнөөдөр 10:10, 15:10 цагт тогтмолжин, үйлдвэрийн соёлын хэмжээнд хэвшлээ.
Олныг хамарсан тайлангийн хурал хийж байсан ч цаг нь болоход түр завсарлан дасгалдаа нэгддэг болсон нь том үр дүн, хөгжил юм. Мөн ажилчдын нэгдсэн алхалтыг баасан гараг бүр “Эрүүл мэндийн зам” дээрээ зохион байгуулдаг нь одоо цехийн нэрэмжит болон өргөжлөө. Спорт цогцолбор секц дугуйлангуудынхаа үйл ажиллагааг сэргээж, эхний ээлжид ажилчдадаа үйлчилж байна.
Дараагийн долоо хоногоос Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид “Дархлаажуулалтын 4 дүгээр тун нь соёл, урлаг юм” хэмээн зарлаж өөрийн үйл ажиллагаагаар өнгө нэмсэн. Мэргэжлийн урлагийнхан, ардын авьяастан ажилчидтайгаа хамтран өглөө бүр уурхайчдынхаа сэтгэлийн дархлааг сэгхийтэл өргөн дэмжиж байна.
Ажилдаа ирэхэд морин хуурын чуулга “Сэрсэн тал”-ыг эгшиглүүлж угтах нь юутай сайхан. Маргааш нь төгөлдөр хуурын аяз, сэтгэл сэргээсэн дуу, бүжиг, нөгөөдөр нь ардын хөгжим, хөөмий уянгалж угтана. Үүний дараа “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын хамт олон шим тэжээлтэй хоол, дархлаа сэргээх ундааг нийтийн хоолны үйлчилгээндээ нэвтрүүлж, эрүүл зөв хооллолтын цахим зөвлөгөөний челленжээр аянд нэгдсэн юм. Харин “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч, сувилагч нар “Дархлаажуулалтын 4 дүгээр тун нь зөв дадал, зөв хэвшил юм” сэдвийн хүрээнд ажилчдад сургалт, мэдээлэл хүргэж, инээмсэглэл бэлэглэх талархлын өдрүүдийг үргэлжлүүлж байна.
Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын албан ёсны фейсбүүк групп үүссэн. Тэндээ халуун ам бүлээрээ эерэг мэдээлэл, дүрс бичлэгээ хуваалцан, бие биедээ урам дэм хайрлаж байгаа нь дархлаа сэргээх бас нэгэн сонирхолтой хэлбэр хэдийнээ болжээ. Уурхайчид цех, нэгжээрээ, найз нөхдөөрөө, гэр бүлээрээ “Дархлаажуулалтын 4 дүгээр тун”-д сайн дураар хамрагдсаар… Энэ нь цар тахлын хөл хориотой нэгэн хэвийн уйтгарт амьдралыг сэргээх, бие, сэтгэлийн дархлаагаа өөрсдөө дэмжих цаг нэгэнт болсныг харууллаа. Эрдэнэт үйлдвэр “Дархлаажуулалтын 4 дүгээр тунд”-д аж ахуйн нэгж байгууллагуудыг уриалж байна.
Эх сурвалж: Erdenet Today